Азийн Хөгжлийн Банк (АХБ) нь Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг дэмжин ажиллахаа илэрхийллээ. АХБ нь олон жилийн турш Монгол Улсад нийт 3.9 тэрбум гаруй ам.долларын санхүүжилт хийж, эдийн засгийн гол салбаруудын хөгжилд дэмжлэг үзүүлж ирсэн. Саяхан АХБ-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран, Хот хөгжүүлэлтийн ахлах мэргэжилтэн нар МУ-ын Шадар сайдтай уулзлаа. АХБ-ны зүгээс “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг дэмжин ажиллах хүрээнд нийтийн тээврийн шинэчлэлийн асуудал, “Хот, хөдөөгийн сэргэлт” болон “Ногоон хөгжлийн сэргэлт” зэрэг төсөл, хөтөлбөрүүдэд нэмэлт санхүүжилт өгч, дэмжиж ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна. “Хөдөөгийн хөгжил” төслийн хүрээнд орон нутгийн жижиг, дунд үйлдвэрүүдийг дэмжих зорилгоор шинээр санхүүжилт олгохоор төлөвлөөд байгаа аж. Түүнчлэн Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулах, түгжрэлийг сааруулахад “Дагуул хот”-ыг хөгжүүлэх нь нэн чухал асуудал гэж үзэж байгаа бөгөөд уг төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажээ.
Энэ долоо хоногт Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд “Төрийн бүтээмжийн сэргэлт” сэдвээр хэлэлцүүлгийг Хууль Зүй, Дотоод Хэргийн Яамнаас зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нээж хэлэхдээ, Засгийн газрын шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд төрийн бүтээмжийн тогтолцоонд өөрчлөлт оруулахад төрөөс авах гол арга хэмжээнүүдийн талаар онцлов. Энэ нь төр өөрийнхөө бүтэц тогтолцооны, төсвийн, хөрөнгө оруулалтынхаа менежментээ өөрчилснөөр төрийн бүтээмжийн сэргэлтийн нэг шинж тэмдэг гарч ирнэ гэдгийг тодотгов. Төрийн бүтээмжийн сэргэлтийг төрийн үйлчилгээг цахимжуулах, хүнд суртлыг багасгах, төрийн хяналт шалгалтын болон зөвшөөрлийн тогтолцоог цөөрүүлэх, төрийн зарим чиг үүргийг нийтийн эрх зүйн субьектууд болон хувийн хэвшлийнхэн, ТББ-уудаар гүйцэтгүүлж хийлгэх байдлаар төр өөрийн чиг, зорилго, зорилтоо хэрэгжүүлж ажиллахаар эрмэлзэх талаар тэмдэглэн хэлсэн.
Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд 100 орчим их наяд төгрөгийн санхүүжилт шаардах 90 гаруй төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байгаа аж. Эдгээрээс зарим төслийг нь хувийн хэвшлийнхэн хэрэгжүүлж шийдэх боломжтой гэж үзэж байгаа юм.
Мөн өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Удирдлагын багийн хамтарсан хурал болж, НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” баримт бичгийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэв. Хурлын үеэр тус баримт бичгийн хэрэгжилтэд НҮБ-ын системийн байгууллагууд хэрхэн оролцох талаарх нэгдсэн зураглалыг танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэв. Хэлэлцүүлгийн үеэр Монгол-НҮБ-ын хамтын ажиллагаа ирэх 5 жилд хүн төвтэй засаглал, хүний хөгжил, сайн сайхан байдал, эдийн засгийн тогтвортой өсөлт гэсэн чиглэлийн хүрээнд хэрэгжих бөгөөд эдгээр үйл ажиллагааг хангахад НҮБ-ын системийн болон төрөлжсөн 20 гаруй байгууллага хамтран ажиллах талаар санал бодлоо хуваалцав.