Монгол Улс НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага, Шинэ сортын ургамал хамгааллын Олон Улсын холбооноос гаргасан техникийн зөвлөмжид тулгуурлан Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хурал 2021 оны 10 дугаар сарын 29-ны өдөр хуулийн төслийг хэлэлцэн баталсан. Уг хуулиар үр тарианы салбарын хөгжлийг дэмжих, үрийн салбарт судалгаа шинжилгээ, инновацыг нэвтрүүлэх, үрийг шударга худалдаалах, хамгаалах, ургамлын генетик нөөцийг тогтвортой ашиглах, ургамлын шинэ сортыг бий болгох, бүтээгчийн эрхийг хамгаалах, хүнсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой асуудлыг зохицуулсан.
Шинэ ургамлын сортыг бүртгэх, бүтээгчийн эрхийг хамгаалах асуудал нь энэ хуулиар зохицуулагдсан бөгөөд сонирхогч этгээд сортын үндэсний санд бүртгэлтэй, хамгаалагдсан сорт ашиглан үр үйлдвэрлэх, худалдах, экспортлох, импортлох үйл ажиллагаа явуулах тохиолдолд сорт бүтээгчийн зөвшөөрлийг авдаг болсон юм. Сорт бүтээгчийн эрхийн хүчинтэй хугацаа 20 жил байх ба мод, мөлхөө ургамлын хувьд 25 жил байна.
Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Монгол Улсад шинэ сортын ургамлыг бүртгэж, шинэ сорт бүтээгчийн эрхийг хамгаална. Шинэ сортын бүтээгчийн эрх олгох эсэх асуудлыг шийдвэрлэхдээ тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн сортыг шинэ, ялгаатай, жигдэрсэн, тогтворжсон болохыг тогтоох ба үүний тулд шаардлагатай хээрийн туршилт, лабораторийн шинжилгээг хийнэ. Эдгээр 4 шаардлагыг дор дурдсанаар ойлгоно.
Шинэ – сортын үржүүлгийн болон ургацын материалыг сортын бүтээгч өөрөө, эсхүл түүний зөвшөөрлөөр хүсэлт гаргасан өдрөөс өмнө дараах хугацаанд худалдаагүй, түгээгээгүй сортыг шинэ гэж үзнэ.
- Монгол Улсын нутаг дэвсгэрт нэг жилээс өмнө
- Бусад улсын нутаг дэвсгэрт дөрвөн жилээс өмнө, мод бутлаг ургамлын хувьд зургаан жилээс өмнө.
Ялгаатай – шинээр гаргасан сорт нь хүсэлт гаргах үед нийтэд танигдсан бусад сортоос илэрхий ялгаатай бол тухайн сортыг ялгаатай гэж үзнэ.
Жигдэрсэн – хэрэв үржүүлгийн онцлогоос хамааран гарч болох өөрчлөлтийн үед сортын үндсэн шинж хангалттай жигд хадгалагдаж байвал жигдэрсэн сорт гэж үзнэ.
Тогтворжсон – давтан үржүүлгийн дараа эсвэл тодорхой мөчлөгтэй үржүүлгийн төгсгөлд сортын үндсэн шинж тэмдэг өөрчлөгдөхгүй байвал сортыг тогтворжсон сорт гэж үзнэ.
Иймд эхлээд бүртгүүлэх гэж буй ургамлын сортыг Монгол оронд шинэ гэж үзэх боломжтой эсэхийг тодруулах шаардлагатай. Үүний тулд тухайн сорт Монголд өмнө нь зарагдаж байсан эсэх, тарьж байсан эсэхийг тодорхойлох нь чухал ач холбогдолтой юм.