Category Archives: Uncategorized

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль мөрдөгдөж эхэллээ

Сүүлийн жилүүдэд хэд хэдэн компани, байгууллагууд өөрийн койн, токенуудыг гаргаж, арилжаалсан. Виртуал хөрөнгийн үйлчилгээ нь технологийн дэвшлийг ашиглаж, бага зардалтайгаар санхүүгийн хүртээмжийг нэмэх давуу талтай ч койн, токенуудыг арилжаалах үйл явц нь маш богино хугацаанд, өндөр үнийн дүнтэйгээр явагдаж байгаа. Энэхүү үйл явцыг дагасан цахим гэмт хэрэгт иргэд, хөрөнгө оруулагчид хохирох, цаашлаад мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгт өөрсдөө мэдэлгүй холбогдох өндөр эрсдэлтэй тул тусгайлсан эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатай байсан талаар хууль санаачлагчид тэмдэглэсэн. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай анхдагч хуулийн төслийг Засгийн газраас өнгөрсөн оны тавдугаар сарын 12-нд өргөн мэдүүлснийг УИХ арванхоёрдугаар сарын 17-нд баталсан. Хууль өнгөрсөн 2-р сарын 25-наас хүчин төгөлдөр болж, хэрэгжиж байна.

Виртуал хөрөнгийг зөвхөн виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгүүлсэн компаниар дамжуулан нийтэд санал болгох, худалдах бөгөөд виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй компаниудын болон мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор баталсан бусад журамд заасан шаардлагуудыг хангаснаар виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгүүлэх боломжтой болж байна. Үйлчилгээ үзүүлэгч нь хуульд заасан үүрэг, шаардлагыг хангаж СЗХ-нд бүртгэсэн тохиолдолд харилцагчдаа таньж мэдэх, тэдгээрийн хөрөнгийн эх үүсвэр хууль ёсны эсэхийг тогтоох, виртуал хөрөнгийг эзэмших, арилжихад учирч болох техникийн болон залилан мэхлэх гэмт хэргийн хохирогч болох эрсдэлүүдийг урьдчилан харилцагч нарт танилцуулах үүргийг биелүүлж ажиллах талаарх зохицуулалтыг тусгасан байна.

Хуулийг дагалдан найман журам батлах ёстой бөгөөд журмуудыг Санхүүгийн зохицуулах хороо боловсруулж байгаа юм. СЗХ зарим боловсруулсан журмуудад олон нийтээс санал авч байгаа бөгөөд журмын төслүүдтэй танилцаж, 2022 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн дотор холбогдох саналаа хүргүүлж болох юм байна (холбоос http://www.frc.mn/a/3910).

Энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш дөрвөн сарын хугацаанд аливаа компанийг СЗХ-оос вируал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгэхгүй. Энэ хугацаанд СЗХ нь дээр дурдсан дагалдан журмуудыг боловсруулж, батлах ёстой байна. Энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлж байсан этгээд энэ дөрвөн сарын хугацаа дууссанаас хойш гурван сарын дотор хуульд заасан шаардлагыг хангаж, СЗХ-нд бүртгүүлж болно.

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгэснийг тухайн виртуал хөрөнгөд өгч байгаа баталгаа гэж үзэхгүй гэж хуульд тодорхой заасан байна. Виртуал хөрөнгийн үйлчилгээнд хамаарах үйл ажиллагааны үр дүнд үүссэн хохирлыг төр хариуцахгүй байхаар зааж, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгүүлсэн компаниар дамжуулахгүйгээр нийтэд санал болгох, худалдахыг хориглосон байна.

Хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ. Хуулийг зөрчсөн хүнийг нэг мянгаас гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний, хуулийн этгээдийг арван мянгаас хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, албадлагын арга хэмжээ авахаар хуульчилсан байна.

Ийнхүү 10 сараас виртуал хөрөнгийн салбар маань нэлээн зохицуулалттай болж, цэгцэрч эхлэхээр байна.

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль ирэх тавдугаар сард хэрэгжиж эхэлнэ

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг өнгөрсөн оны 12-р сарын 17-нд баталсан. Харин ирэх 5-р сарын 1-нээс дагаж мөрдөнө. Тус хууль нь одоо мөрдөгдөж байгаа Хувь хүний нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулга бөгөөд одоо мөрдөгдөж байгаа хууль 5-р сарын 1-нээс хүчингүй болох юм.

Хувь хүний нууцын тухай хууль 1995 онд батлагдсан. Хууль хэрэгжээд 20 гаруй жил өнгөрөхөд нийгмийн харилцаа өөрчлөгдөн хувьссаар байна. Одоо мөрдөгдөж байгаа хуультай харьцуулахад хуулийн шинэчилсэн найруулгад тухайн хүнийг тодорхойлох мэдээллийн агуулга илүү өргөн болсон бөгөөд нууцын хууль гэхээсээ илүү хүний хувийн мэдээллийг хамгаалах зохицуулалттай байна. Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн дагуу хүнийг тодорхойлох мэдээлэлд хүний хувийн мэдээлэл (нэр, төрсөн огноо, төрсөн газар, иргэний бүртгэлийн дугаар, хөрөнгө, боловсрол, гишүүнчлэл гэх мэт хүнийг тодорхойлох мэдээлэл) болон хүний эмзэг мэдээлэл (үндэс, угсаа, шашин шүтлэг, эрүүл мэнд, захидал харилцаа, тоон гарын үсгийн хувийн түлхүүр, ял эдэлж байгаа болон ял эдэлсэн эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа зэрэг мэдээлэл), түүнчлэн генетик болон биометрик мэдээллийг хамааруулсан байна.

Хуулийн шинэчилсэн найруулгад хэд хэдэн шинэ зохицуулалт бий болсон. Тухайлбал, мэдээлэл хариуцагч хуульд зааснаас бусад тохиолдолд мэдээллийг боловсруулах, цуглуулах, ашиглахдаа мэдээллийн эзнээс бичгээр зөвшөөрөл авах бөгөөд зөвшөөрөл нь цаасан, эсхүл цахим хэлбэртэй байна. Одоо мөрдөгдөж байга хуулийн дагуу хувь хүн мэдээллээ өөрөө хамгаалдаг концепци нь өөрчлөгдөж хувь хүн өөрийн мэдээллийг хадгалж хамгаалахаас гадна хувь хүний мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглаж байгаа мэдээлэл хариуцагч нь мэдээллийн нууцлалыг хадгалах, хамгаалах үүрэгтэй байхаар тогтоосон байна. Түүнчлэн харилцаа холбоо, цахим сүлжээ ашиглаж хувь хүний нууцыг задруулсан тохиолдолд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг ялгамжтай болгож, хүлээлгэх хариуцлагыг чангатгасан байна.

Мөн дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмжийг байршуулахад тавигдах шаардлагыг тогтоож, эдгээр төхөөрөмжөөр хийсэн бичлэгийг ашиглах зохицуулалтуудыг тусгасан байна.

Орон сууцны  дуусаагүй барилгад гэрчилгээ олгохыг зогсоож магадгүй

Практикт захиалагч нь орон сууцны зориулалтаар барьж байгаа барилгадаа иргэдээс захиалга буюу урьдчилга төлбөр авах, барьж дуусаагүй үл хөдлөх хөрөнгийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж дуусаагүй барилгын гэрчилгээ авч, тэрхүү авсан гэрчилгээг банк болон банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьж зээл авах тохиолдол түгээмэл байдаг.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээллэснээр 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд баригдаж дуусаагүй 552 барилгыг үл хөдлөх хөрөнгөд бүртгэж авсан байна. Үүнээс 123 баригдаагүй барилга банк, санхүүгийн байгууллагын зээлийн барьцаанд байна. Түүнчлэн тухайн барилга баригдаж дууссан ч тухайн орон сууцад байр худалдаж аваад үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авч чадахгүй байгаа 333 иргэн байгаа юм. Улмаар үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ авах зорилгоор Улсын бүртгэлийн ерөнхий газарт авилга өгөх, танил талаараа яриулах зэргээр авилгын сүлжээ үүсгэх нөхцөл болж байгаа нь баригдаж дуусаагүй барилгыг үл хөдлөх хөрөнгөд бүртгэдэг зохицуулалтаас үүдэлтэй байна. Тиймээс дээр дурьдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10 дахь хэсэгт ““Орон сууцны зориулалтаар барьж байгаа барилгыг байнгын ашиглалтад хүлээлгэн өгөх хүртэл эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхгүй” гэсэн заалт нэмэлт өөрчлөлтөөр оруулахаар холбогдох байнгын хороогоор хэлэлцэгдэж дэмжигдсэн бөгөөд УИХ-ын нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхээр санал, дүгнэлт гарсан байна.

Барьж дуусаагүй барилгыг үл хөдлөх эд хөрөнгөд бүртгэж иргэдийн өмчлөх эрхийг зөрчдөг зохицуулалтыг өөрчилж, нийтийн зориулалттай орон сууцны дэвсгэр болон орчны газрын эрхтэй холбоотой зохицуулалтыг шинээр бий болгох ач холбогдолтой юм Түүнчлэн Иргэний хууль болон Газрын тухай хуулийг уялдуулах, түүн дотор нийтийн зориулалттай орон сууцтай холбоотой иргэдийн өмчлөх эрх ноцтой зөрчигдөж буй зохицуулалтыг өөрчилж, боловсронгуй болгох зайлшгүй хэрэгцээ шаардлага дээр үндэслэн энэхүү өөрчлөлтийг хийж байгаа юм байна.

Их хэмжээний хэлцэл хийхтэй холбоотой зөвшөөрөл авах буюу шийдвэр гаргуулах

Их хэмжээний хэлцэл хийх зөвшөөрлийг эхлээд Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс авна. Хэрвээ Төлөөлөн Удирдах Зөвлөл байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хуралд танилцуулж шийдвэр гаргуулна.

Компанийн хуулийн 88.1-т “Их хэмжээний хэлцэл хийх шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ санал нэгтэйгээр гаргана.

Санал нэгтэйгээр шийдвэр гаргана гэдгийг юу гэж ойлгох вэ.  Жишээ нь А гэдэг нэртэй ХХК нь 5 гишүүний бүрэлдэхүүнтэй ТУЗ-тэй гэж бодьё. ТУЗ-ын бүх гишүүн буюу 5 гишүүн  их хэмжээний хэлцэл хийхийг зөвшөөрнө гэсэн үг үү эсвэл  ТУЗ-ийн 5 гишүүнээс 1 гишүүн нь ТУЗ-ийн хуралд ирээгүй, хуралд оролцсон 4 гишүүн  зөвшөөрсөн тохиолдолд санал нэгтэйгээр шийдвэр гаргасан гэж үзэх үү. Хуралд оролцсон эсэхийг үл харгалзан ТУЗ-ийн бүх гишүүд их хэмжээний хэлцэл хийхийг зөвшөөрүүлэхийг ойлгож байна уу эсвэл ТУЗ-ын хуралд ороцсон бүх гишүүд зөвшөөрөхийг ойлгож байна уу гэдэг асуулт гарах байхаа.

Энэ тохиолдолд ТУЗ-ийн хурлын хүчин төгөлдөр байдал болон шийдвэр хүчин төгөлдөр болох зохицуулалтыг Компанийн хуулиас харвал Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал гишүүдийнх нь дийлэнх олонх оролцсоноор хүчин төгөлдөр болно. Мөн түүнчлэн тухайн компанийн дүрмээр тусгайлан өндөр хувь тогтоогоогүй бол төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд оролцож байгаа гишүүдийн дийлэнх олонхийн саналаар шийдвэр хүчин төгөлдөр болно. Тиймээс тухайн компани компанийн дүрмээрээ бүх гишүүдийн саналаар ТУЗ-ийн шийдвэр хүчин төгөлдөр байна гэж заагаагүй бол тухайн хуралд оролцсон бүх гишүүдийн шийдвэрээр их хэмжээний хэлцэл хийхийг зөвшөөрнө гэж ойлгож байна. Өөрөөр хэлбэл хуралд оролцсон бүх гишүүд санал нэгтэйгээр зөвшөөрч байж их хэмжээний хэлцэл хийнэ гэсэн үг.

Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар асуудал шийдвэрлэхэд төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн бүр саналын нэг эрхтэй байна. Компанийн дүрмээр зарим ТУЗ-ын гишүүдийг их хэмжээний хэлцэл хийх шийдвэр гаргахад санал өгөх эрхгүй байхаар зохицуулсан байж болно. Энэ тохиолдолд шийдвэрийг саналын эрхтэй ТУЗ-ийн гишүүдийн дийлэнхи олонхийн саналаар шийдвэрлэнэ.

Төлөөлөн удирдах зөвлөл их хэмжээний хэлцэл хийх тухай шийдвэрийг санал нэгтэй гаргаж чадахгүй буюу ТУЗ-ын хуралд оролцсон гишүүдийн зарим нь зөвшөөрөөгүй буюу дийлэнхи олонхийн саналаар шийдвэрлэж чадаагүй тохиолдолд асуудлыг хувьцаа эзэмшигчдийн хуралд оруулах бөгөөд уг асуудлыг хуралд оролцож байгаа хувьцаа эзэмшигчдийн саналын олонхоор шийдвэрлэнэ.

Их хэмжээний хэлцэл хийх асуудлаар эсрэг саналтай байсан хувьцаа эзэмшигч нь  өөрийн эзэмшлийн хувьцааг эргүүлэн худалдаж авахыг компаниас шаардах эрхтэй.

МОНГОЛ УЛС ДАХЬ АПОСТИЛЬ ҮЙЛЧИЛГЭЭ

Монгол Улсын бичиг баримтыг гадаадын улс орнуудад хэрэглэх тохиолдолд апостиль гэрчилгээгээр баталгаажуулах шаардлагатай байдаг.

Апостиль нь төрсний гэрчилгээ, шүүхийн шийдвэр, төрийн байгууллагаас гаргасан бусад баримт бичиг дэх албан тушаалтны гарын үсэг болон тамга тэмдгийг гэрчилэн баталгаажуулдаг бөгөөд ингэснээр Гаагийн Конвенцийн Гэрээ эсвэл Гаагийн Апостилийн конвенц гэдгээр танигдсан 1961 оны Гадаадын албан ёсны баримт бичгийг баталгаажуулах шаардлагыг халах тухай конвенцид нэгдэн орсон гадаад улсуудад хүлээн зөвшөөрөгддөг юм.

Монгол Улс 2009 оны 12-р сарын 31-ний өдрөөс эхлэн Гаагийн Апостилийн конвенцийн гишүүн улс болсон бөгөөд энэ нь Монгол Улсад баталгаажсан  баримт бичиг нь Апостилийн конвенцийн гишүүн 117 улсын хувьд хүчин төгөлдөр болох бөгөөд хүлээн авагч улсад дахин баталгаажуулалт, нотариатаар гэрчлүүлэх шаардлагагүй болно. Харин Австри, Бельги, Финланд, Герман, Грек болон Монгол улсын хувьд аль аль тус улсын апостиль гэрчилгээг хүлээн зөвшөөрдөггүй байна.

Монгол Улсын баримт бичгийг Гадаад хэргийн яам, элчин сайдын яам эсвэл консулын газар ихэвчлэн aпостиль гэрчилгээ олгон баталгаажуулдаг. Энэхүү апостиль гэрчилгээ нь зөвхөн гарын үсэг, гарын үсэг зурсан эрх бүхий этгээд болон тамга, тэмдгийг баталгаажуулж өгдөг. Харин тухайн баримт бичгийн агуулгыг баталгаажуулдаггүй болно.

Апостиль гэрчилгээ авахдаа Монгол улсын баримт бичгийн эх хувийн хуулбарыг нотариатаар баталгаажуулж, хүлээн авах улсад хэрэглэгдэх хэл дээр баталгаат орчуулга хийгдсэн байна. Тэрхүү баримт бичгийн орчуулга нь мөн Монгол улсын нотариатаар баталгаажуулсан байхыг шаарддаг.

Монгол улсын дараах төрлийн баримт бичигт апостиль гэрчилгээ авах боломжтой:

  • Иргэний үнэмлэх, паспорт, иргэний үнэмлэх болон гэрлэлтийн гэрчилгээ;
  • Иргэний бүртгэлийн болон цагдаагийн тодорхойлолт;
  • Бүх төрлийн боловсролын гэрчилгээ;
  • Шүүх, прокурорын шийдвэр болон
  • Төрийн захиргааны байгууллагаас олгодог бусад баримт бичиг.

Апостиль гэрчилгээ нь материал өгсөн өдрөөс хойш ажлын 3 хоногийн дараа гардаг.

Хэрэв та одоо Монгол улсад байгаа, өөрийн бичиг баримтаа баталгаажуулахад туслалцаа авах шаардлагатай бол манай фирмтэй холбогдоорой.

Арбитрын шүүх хуралдааныг хойшлуулах хууль зүйн боломжийн тухайд

МОУҮА-ын Арбитрын хэрэг хянан шийдвэрлэх дүрэмд зааснаар Талууд гагцхүү хуульд заасан үндэслэл болон хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хурал хойшлуулах хүсэлтийг гаргаж болно. Арбитрын тухай хуульд хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт аль тохиолдлыг ойлгож хэрэглэх тухай заагаагүй байна. Гэхдээ өвчтэй, эмчилгээ хийлгэж байгаа, өвчтөн асарсан, томилолтоор гадаад, дотоодод ажилласан, сургалтад хамрагдсан, нийтийг хамарсан дайчилгаанд хамрагдсан, нийтийг хамарсан аюулт халдварт өвчний улмаас хорио цээр тогтоосон бүсэд хоригдсон, галын болон байгалийн гэнэтийн аюул, эсхүл давагдашгүй хүчин зүйл /усны үер, ган, зуд, аюултай цасан болон шороон шуурга, газар хөдлөлт/ зэрэг шалтгааныг ойлгож болох юм.

Мөн Арбитрын хэрэг хянан шийдвэрлэх дүрэмд арбитрын хуралдааны үед шинэ нотлох баримт шаардлагатай гэж Арбитрын бүрэлдэхүүн үзсэн тохиолдолд тус хуралдааныг хойшлуулж болох аж. Харин талууд шинжээч томилох хүсэлтийг гаргаж болох бөгөөд Арбитрын бүрэлдэхүүн хэргийн бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай гэж үзсэн тохиолдолд ийнхүү шинжээчийг томилох юм.

Түүнчлэн, нэгэнт эхэлсэн арбитрын шүүх хуралдааны явцад талууд өөрийн томилсон арбитрчаас татгалзан гарах боломж төдийлөн байхгүй. Харин арбитрчийн хараат бус мэдүүлгийг гардан авсанаас хойш Талууд 7 хоногийн дотор л татгалзан гаргах хүсэлтийг гаргаж, улмаар хойшлуулж болно.

Хувьцаа эзэмшигчдийн хурал болон ТУЗ-ын хурлын хоорондын хууль зүйн ялгааны талаар:

Монгол улсын Компанийн тухай хууль компаниудад өөрийн Компанийн дүрэмд ТУЗ-ыг хэрхэн зохион байгуулж, удирдах зэрэгтэй холбоотой зохицуулалтыг хийх эрхийг олгосон бөгөөд Компанийн дүрэмд ТУЗ-ын дарга нь ТУЗ-ын үйл ажиллагааг зохион байгуулж, түүний хурлыг хуралдуулах, хурал даргалах, хурлын тэмдэглэлийг хөтлүүлэх, хяналт тавих үүргийг гүйцэтгэхээр заажээ.

Түүнчлэн, Компанийн тухай хуульд ТУЗ-ын хурлыг хэрхэн хуралдуулах тухай нарийн зохицуулалтыг тусгаагүй буюу өөрөөр хэлбэл ийм төрлийн хурлыг ямар харилцаа холбооны хэрэгслийг / телеконференц, онлайн конференц г.м./ ашиглан хуралдуулж болох  тухай нарийвчлан тусгаагүй юм.  Энэхүү “нээлттэй” зохицуулалтыг хилийн чанадад ажиллаж, амьдардаг боловч Монгол улсад компанийн үйл ажиллагаа эрхэлдэг гадны хөрөнгө оруулагч эсхүл бизнес эрхлэгчид сайшааж магадгүй.

Үүнээс гадна, ТУЗ-ын хурал болоод хувьцаа эзэмшигчдийн хурал дээр хэлэлцэх асуудлуудын хооронд ч гэсэн маш их ялгаа бий. Компанийн тухай хуулийн 76-р зүйлд ТУЗ-ын бүрэн эрхэд хамаарах асуудлыг жагсаасан бөгөөд үүнд тухайлбал:

  • Хувьцаа эзэмшигчдийн ээлжит болон ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах;
  • Компанийн гүйцэтгэх удирдлагыг сонгох, өөрчлөх, түүний бүрэн эрхийг тогтоох;
  • Аудитын байгууллагыг сонгож, түүнтэй байгуулах гэрээний нөхцөлийг тогтоох;
  • Компанийн жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаар дүгнэлт гаргаж, түүнийг хувьцаа эзэмшигчдийн хуралд танилцуулж батлуулах зэрэг бүрэн эрхийн асуудлууд багтана.

Дээрх бүрэн эрхийн асуудлуудыг ТУЗ-ын хурлаар хэлэлцэх ба тус хурлаар гаргасан шийдвэр, дүгнэлтийг хувьцаа эзэмшигчдийн хурал хэлэлцэх юм.  Товчхондоо, хувьцаа эзэмшигчдийн хурал нь ТУЗ-ын хурлаар гаргасан шийдвэрийг батлана гэсэн үг. Тухайлбал, хувьцаа эзэмшигчдийн хуралд дараах бүрэн эрх багтах ба дан ганц үүгээр үл хязгаарлагдана:

  • Компанийн жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах;
  • Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцүүлэхээр оруулсан бусад асуудал г.м.

Иймд компаниуд хууль зүйн аливаа сөрөг үр дагавар гарахаас урьдчилан сэргийлэхийн тулд

тус хоёр хуралтай холбоотой хуулийн зохицуулалтын ялгааг сайтар мэдэж байх шаардлагатай болно.

Патентийн хураамж төлөх хугацаа

Патент эзэмшигч нь патентыг хүчинтэй байлгах дараах хураамжийг Оюуны өмчийн газарт төлнө:

  • Эхний 3 жилд 10000 төгрөг;
  • 4-6 жилд 20 000 төгрөг;
  • 7-10 жилд 30 000 төгрөг;
  • 11-15 жилд 40 000 төгрөг;
  • 16-20 жилд 50 000 төгрөг.

          Харин эхний З жилийн хураамжийг патент олгох шийдвэр гарсан өдрөөс хойш 6 сарын дотор, дараахь хугацааны хураамжийг тухайн хугацаа эхлэхээс 6 сарын өмнө тус тус төлнө. Энэхүү хугацаанд төлөөгүй бол Оюуны өмчийн газар тухайн хугацаа өнгөрснөөс хойш 6 сарын хөнгөлөлтийн хугацааг тогтоож болох бөгөөд энэ тохиолдолд тухайн хугацааны хураамжтай тэнцэх хэмжээний төлбөр нэмж төлөхөөр зохицуулжээ.

Xураамжийг 6 сарын хөнгөлөлттэй хугацаанд төлөөгүй тохиолдолд Оюуны өмчийн газар патентийг хүчингүй болгох эрхтэй аж. Гэвч ийнхүү төлбөрийн шалтгааны улмаас патентийг хүчингүйд тооцсон нөхцөлд патент хүчинтэй байх / 20-50 жил/ нийт хугацааны дотор патент эзэмшигчийн хүсэлтээр патентийг сэргээж болно.

Барааны тэмдгийг нийтэд түгээмэл болсонд тооцуулах тухай хүсэлтийг гаргах

Өөрийн барааны тэмдэгтэй холбоотойгоор шударга бус өрсөлдөөн, ашиг сонирхлын зөрчил үүссэн гэж үзсэн тохиолдолд, барааны тэмдэг эзэмшигч нь өөрөө, эсхүл оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр төлөөлүүлэн Монгол улсын Оюуны өмчийн газрын дэргэдэх Маргаан шийдвэрлэх Комисст тус тэмдгийг Монгол улсын хэмжээнд нийтэд түгээмэл болсонд тооцуулах тухай хүсэлтийг гаргаж болно.

Ингэхдээ хүсэлт гаргагч нь тус хүсэлтийг зөвхөн нэг барааны тэмдэгт хамаарч гаргах бөгөөд энэхүү хүсэлтэнд өөрийн болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувийн буюу ажил хэргийн үндсэн мэдээллээс гадна дараах мэдээллийг оруулна:

  • Нийтэд түгээмэл болсонд тооцуулах гэж байгаа барааны тэмдгийн илэрхийлэл;  
  • тухайн барааны тэмдгийн нийтэд түгээмэл болсонд хамаарах бараа, үйлчилгээний нэрсийн жагсаалт;
  • тухайн барааны тэмдгийн нийтэд түгээмэл болсон огноо;
  • Монгол Улсад тухайн барааны тэмдгийн эрхийн хамгаалалт хийгдсэн байдал.
  • нийтэд түгээмэл болсонд тооцуулах болсон үндэслэлийг нотлох баримтын хамт.

Түүнчлэн Оюуны өмчийн газар нь нийтэд түгээмэл болсонд тооцсон барааны тэмдгийн жагсаалтыг гаргах чиг үүргийг хэрэгжүүлэгч байгууллага мөн боловч тэднээс авсан албан бус мэдээллийн дагуу өөрийн барааны тэмдгийг нийтэд түгээмэл болсонд тооцуулахаар

Нийтэд түгээмэл барааны тэмдэгтэй холбоотой Монгол улсад хэрэгжих журам.

Монгол улсын 1985 онд нэгдэн орсон “Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын Конвенцид холбооны гишүүн орон, тэмдгийг хэрэглэж байгаа буюу тэмдгийг бүртгэсэн орны эрх бүхий байгууллагын тодорхойлсноор конвенцийн давуу эрхийг эдлэгч этгээдийн өөрийн буюу адил төрлийн бүтээгдэхүүнд хэрэглэдэг тэмдэг тухайн улсад нийтэд түгээмэл болсон барааны тэмдэгтэй төөрөгдөл үүсгэж болохуйц ба тэмдгийг дуурайлган үйлдсэн, хуулбарласан, орчуулсан барааны тэмдгийг сонирхогч этгээдийн гаргасан хүсэлтийн дагуу эсхүл тухайн орны хууль тогтоомжоор зөвшөөрч байвал хэрэглэхийг хориглох, бүртгэлийг хүчингүй болгох, бүртгэхээс татгалзах үүрэг хүлээнэ.

Энэ заалт, тэмдгийн зонхилох бүрдэл хэсэг нь нийтэд илэрхий болсон тэмдгийн хуулбар буюу түүнийг дуурайлгасан, түүнтэй төөрөгдөл үүсгэж болохуйц байгаа тохиолдолд бүрэн хамаарахаар зохицуулсан байна. Ийнхүү 2010 онд батлагдсан Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 3.1.13-р зүйлийн дагуу “нийтэд түгээмэл болсон барааны тэмдэг” гэдэг нь  бүртгэгдсэн эсэхээс үл хамааран Монгол Улсын тухайн салбарт нийтэд танил болсон барааны тэмдэг байхаар заасан аж.  Оюуны өмчтэй холбоотой нарийвчилсэн дүрэм журам боловсруулж, батлах хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд Монгол улсын Оюуны өмчийн газар 2014 оны 04 сарын 08-нд “Барааны тэмдгийг нийтэд түгэмээл болсонд тооцох журам”- ыг батлаад байна.

Харин тухайн журам зөвхөн Монгол улсын нутаг дэвсгэрт үйлчилж, Монголын олон ниймэд түгээмэл танигдсан /үүнд дотоод ба гадаадын барааны тэмдэг тус бүр хамаарна/ байх ёстой гэдгийг санах нь зүйтэй. Өөрийн барааны тэмдгийг нийтэд түгээмэл болсонд тооцуулахтай холбоотой асуудал, маргааныг шийдвэрлүүлэхийг хүссэн компаниуд тухайн хүсэлтээ Оюуны өмчийн газрын дэргэдэх Маргаан шийдвэрлэх комисст гаргах юм.