Сүүлийн үед манай хуулийн фирмийн хуульчид Монгол Улсад сонирхогч этгээд барааны тэмдгийн бүртгэлийг хүчингүйд тооцуулах хүсэлт гаргах боломжтой эсэх талаар тодруулахыг хүссэн үйлчлүүлэгчид энэ талаарх хуулийн зөвлөгөөг өглөө.
Барааны тэмдгийн бүртгэлийг Оюуны өмчийн дэргэдэх Маргаан шийдвэрлэх комисс (МШК)-д гаргасан хүсэлтийн дагуу хүчингүй болгох боломжтой бөгөөд хуульд тусгайлан заасан хэд хэдэн үндэслэл байдаг.
Аливаа сонирхогч этгээд барааны тэмдгийн бүртгэлийг дараах үндэслэлээр хүчингүй болгуулах хүсэлтийг МШК-д гаргаж болно. Үүнд:
- Барааны тэмдгийг бүртгэх хуулийн шаардлагыг зөрчиж бүртгүүлсэн;
- Барааны тэмдэг нь Парисын конвенцын гишүүн аль нэг улсад тухайн барааны тэмдгийн хувьд онцгой эрх эзэмшигч этгээдийн зөвшөөрөлгүйгээр түүний төлөөлөгч, эсхүл бараа, бүтээгдэхүүнийг борлуулагч этгээдийн нэр дээр бүртгэгдсэн
- Барааны тэмдэг эзэмшигч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр барааны тэмдгийг таван жилийн турш ашиглаагүй.
Ийнхүү хүчингүй болгох хүсэлтийг Оюуны өмчийн газрын албан ёсны тогтмол хэвлэлд нийтэлснээс хойш нэг жилийн дотор ирүүлсэн байх хуулийн шаардлага байдаг. МШК нь хүсэлтийг хүлээж авснаас хойш 6 сарын дотор тухайн барааны тэмдгийн бүртгэлийг хүчингүй болгох эсэхийг хянан шийдвэрлэж, хүсэлт гаргагчид мэдэгдэнэ.
Хэдийгээр Монгол Улсын Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль нь тодорхой үндэслэлээр барааны тэмдгийн бүртгэлийг хүчингүй болгох хүсэлтэй сонирхогч этгээдэд маргах эрхийг нь олгодог боловч хүсэлт гаргах хугацаа нэг жил байгаа нь хэтэрхий богино юм. Өөрөөр хэлбэл энэхүү хугацаа өнгөрсний дараа маргаан бүхий барааны тэмдгийн бүртгэлийг хүчингүй болгох боломжгүй болох юм. Гэтэл Монгол Улсын нэгдэн орсон Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах Парисын конвенц (Парисын конвенц)-д барааны тэмдгийг хүчингүйд тооцох хүсэлт гаргах урт хугацаа заасан байдаг. Жишээлбэл, Парисын конвенцын 6bis дах зүйлд бүртгэгдсэн барааны тэмдэг нь нийтэд түгээмэл болсон барааны тэмдэгтэй зөрчилдвөл нийтэд түгээмэл болсон тэмдэг эзэмшигч маргаан бүхий барааны тэмдгийн хүчингүй болгох хүсэлтийг тухайн тэмдэг бүртгэгдсэн өдрөөс хойш 5 жилийн дотор гаргах эрхтэй байдаг. Үүнээс харахад, Монгол Улсын Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийг нэгдэн орсон олон улсын хуульд нийцүүлэх зорилгоор барааны тэмдгийн бүртгэлийг хүчингүй болгох хүсэлт гаргах хугацааг уртасгах шаардлагатай.