Байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхийг баталгаажуулсан хууль удахгүй батлагдах нь

Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд энэхүү нэмэлт өөрчлөлтөөр Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт “… Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй” гэж хуульчилсан.

Үндсэн хуулинд заасан энэхүү эрхийг хэрэгжүүлэхийн тулд Байгаль орчныг хамгаалах тухай хууль болон Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд иргэд тухайн нутаг дэвсгэрийн хүрээнд газрын хэвлийн баялгийн ашиглалтын нөхцөл байдал, байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөлөл, нөхөн сэргээлт болон эрх бүхий байгууллагаас хяналтын чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдэх эрхийг хуульчилж, Үндсэн хуулиар олгогдсон эрхийг хэрэгжүүлэх хуулийн зохицуулалт батлагдах шатандаа явж байна.

Энэ маш чухал зохицуулалт юм. Иргэд болон газрын баялгийг ашиглагч компани болон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч, орон нутгийн удирдлага болох Иргэдийн Төлөөлөгчидийн Хурал, Засаг дарга нарын хооронд гурвалсан маргаан байнга гардаг. Иргэдийн зүгээс тухайн орон нутагт газрын хэвлийн нөөцийг ашиглаж байгаа компани болон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч нь байгаль орчныг сүйтгэж байна, нөхөн сэргээлт хийхгүй байна гэж гомдол гаргаж, тухайн үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ авахыг шаардах зэрэг тэмцэл явуулдаг. Энэ нь юунаас үүдэлтэй вэ гэхээр иргэдийг мэдэх эрхээр хангадаггүй, хүссэн мэдээлэлийг нь өгдөггүй. Өөрөөр хэлбэл газрын хэвлийн баялгийн ашиглалтын явц,  байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөлөл, нөхөн сэргээлтийн явц, үр дүнгийн талаарх мэдээлэл өгөх, эсхүл танилцах боломжоор хангахгүй байгаагаас иргэд буруу ташаа мэдээлэл авах, буруу ойлголттой болох зэрэг сөрөг үр дагавар их гардаг байсан.

Нөгөө талаас орон нутгийн удирдлага иргэдэд дээр дурьдсан мэдээлэл өгдөггүй байсантай холбогдож иргэд орон нутгийн Засаг дарга болон Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд итгэх итгэл алдарч улмаар газрын баялгийг ашиглагч компани болон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчийн эрх ашгийг хамгаалж, тэдэнд үйлчилж, иргэдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалахгүй, хохироож байна гэж шүүмжлэх тохиолдол маш их гардаг байсан.

Газрын баялгийг ашиглагч компани болон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчийн хувьд тухайн орон нутгийн иргэдийг ажилуулах, орон нутгийг хөгжүүлэхэд зориулж санхүүгийн дэмжлэг үзүүлэх, нөхөн сэргээлтийн ажлыг тогтмол хийх зэрэг тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулсан, тодорхой ажил хийсэн байдаг. Иргэдэд мэдээлэл өгөх эсвэл танилцах боломжоор хангахгүй байгаагаас иргэд хийсэн ажил, оруулсан хөрөнгийн талаар мэдээлэлгүйн улмаас буруу ташаа ойлгох тэдний хооронд үл ойлголцол гарах гэх мэт зөрчил их байдаг байсан.

Тиймээс дээрх зохицуулалт бол иргэдийг мэдээллээр хангах, мэдэх эрхээ эдлэхийг баталгаажуулах, мөн түүнчлэн орон нутгийн удирдлага болон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч нь хийсэн ажлаа тайлагнах авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнгийн талаар мэдээлэх үүрэг хүлээлгэсэн чухал зохицуулалт болсон гэж үзэж байна.

Дээр дурьдсан хоёр хуульд нэг талаас Иргэн тухайн нутаг дэвсгэрийн хүрээнд байгалийн баялгийн ашиглалтын нөхцөл байдал, байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөлөл, нөхөн сэргээлтийн явц болон төрийн эрх бүхий байгууллагаас хяналтын чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл авах хүсэлтийг аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчид гаргах эрхийг хуулиар олгосон байна.

Нөгөө талаас аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал болон Засаг дарга нь тухайн нутаг дэвсгэрийн хүрээнд газрын баялгийн ашиглалтын нөхцөл байдал, байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөлөл, нөхөн сэргээлт болон хяналтын чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар иргэдэд нээлттэй мэдээлэх, хүсэлтийн дагуу холбогдох мэдээлэл өгөх, Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд тайлагнах үүргийг тус тус хүлээсэн байна.  

Төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчийн хувьд иргэний хүсэлтийн дагуу өөрийн үйл ажиллагаатай холбоотой газрын баялгийн ашиглалтын явц,  байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөлөл, нөхөн сэргээлтийн явц, үр дүнгийн талаарх мэдээлэл өгөх, эсхүл танилцах боломжоор хангах үүрэг хүлээсэн байна.

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль мөрдөгдөж эхэллээ

Сүүлийн жилүүдэд хэд хэдэн компани, байгууллагууд өөрийн койн, токенуудыг гаргаж, арилжаалсан. Виртуал хөрөнгийн үйлчилгээ нь технологийн дэвшлийг ашиглаж, бага зардалтайгаар санхүүгийн хүртээмжийг нэмэх давуу талтай ч койн, токенуудыг арилжаалах үйл явц нь маш богино хугацаанд, өндөр үнийн дүнтэйгээр явагдаж байгаа. Энэхүү үйл явцыг дагасан цахим гэмт хэрэгт иргэд, хөрөнгө оруулагчид хохирох, цаашлаад мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгт өөрсдөө мэдэлгүй холбогдох өндөр эрсдэлтэй тул тусгайлсан эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатай байсан талаар хууль санаачлагчид тэмдэглэсэн. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай анхдагч хуулийн төслийг Засгийн газраас өнгөрсөн оны тавдугаар сарын 12-нд өргөн мэдүүлснийг УИХ арванхоёрдугаар сарын 17-нд баталсан. Хууль өнгөрсөн 2-р сарын 25-наас хүчин төгөлдөр болж, хэрэгжиж байна.

Виртуал хөрөнгийг зөвхөн виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгүүлсэн компаниар дамжуулан нийтэд санал болгох, худалдах бөгөөд виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй компаниудын болон мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор баталсан бусад журамд заасан шаардлагуудыг хангаснаар виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгүүлэх боломжтой болж байна. Үйлчилгээ үзүүлэгч нь хуульд заасан үүрэг, шаардлагыг хангаж СЗХ-нд бүртгэсэн тохиолдолд харилцагчдаа таньж мэдэх, тэдгээрийн хөрөнгийн эх үүсвэр хууль ёсны эсэхийг тогтоох, виртуал хөрөнгийг эзэмших, арилжихад учирч болох техникийн болон залилан мэхлэх гэмт хэргийн хохирогч болох эрсдэлүүдийг урьдчилан харилцагч нарт танилцуулах үүргийг биелүүлж ажиллах талаарх зохицуулалтыг тусгасан байна.

Хуулийг дагалдан найман журам батлах ёстой бөгөөд журмуудыг Санхүүгийн зохицуулах хороо боловсруулж байгаа юм. СЗХ зарим боловсруулсан журмуудад олон нийтээс санал авч байгаа бөгөөд журмын төслүүдтэй танилцаж, 2022 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн дотор холбогдох саналаа хүргүүлж болох юм байна (холбоос http://www.frc.mn/a/3910).

Энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш дөрвөн сарын хугацаанд аливаа компанийг СЗХ-оос вируал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгэхгүй. Энэ хугацаанд СЗХ нь дээр дурдсан дагалдан журмуудыг боловсруулж, батлах ёстой байна. Энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлж байсан этгээд энэ дөрвөн сарын хугацаа дууссанаас хойш гурван сарын дотор хуульд заасан шаардлагыг хангаж, СЗХ-нд бүртгүүлж болно.

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгэснийг тухайн виртуал хөрөнгөд өгч байгаа баталгаа гэж үзэхгүй гэж хуульд тодорхой заасан байна. Виртуал хөрөнгийн үйлчилгээнд хамаарах үйл ажиллагааны үр дүнд үүссэн хохирлыг төр хариуцахгүй байхаар зааж, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгүүлсэн компаниар дамжуулахгүйгээр нийтэд санал болгох, худалдахыг хориглосон байна.

Хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ. Хуулийг зөрчсөн хүнийг нэг мянгаас гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний, хуулийн этгээдийг арван мянгаас хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, албадлагын арга хэмжээ авахаар хуульчилсан байна.

Ийнхүү 10 сараас виртуал хөрөнгийн салбар маань нэлээн зохицуулалттай болж, цэгцэрч эхлэхээр байна.

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль ирэх тавдугаар сард хэрэгжиж эхэлнэ

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг өнгөрсөн оны 12-р сарын 17-нд баталсан. Харин ирэх 5-р сарын 1-нээс дагаж мөрдөнө. Тус хууль нь одоо мөрдөгдөж байгаа Хувь хүний нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулга бөгөөд одоо мөрдөгдөж байгаа хууль 5-р сарын 1-нээс хүчингүй болох юм.

Хувь хүний нууцын тухай хууль 1995 онд батлагдсан. Хууль хэрэгжээд 20 гаруй жил өнгөрөхөд нийгмийн харилцаа өөрчлөгдөн хувьссаар байна. Одоо мөрдөгдөж байгаа хуультай харьцуулахад хуулийн шинэчилсэн найруулгад тухайн хүнийг тодорхойлох мэдээллийн агуулга илүү өргөн болсон бөгөөд нууцын хууль гэхээсээ илүү хүний хувийн мэдээллийг хамгаалах зохицуулалттай байна. Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн дагуу хүнийг тодорхойлох мэдээлэлд хүний хувийн мэдээлэл (нэр, төрсөн огноо, төрсөн газар, иргэний бүртгэлийн дугаар, хөрөнгө, боловсрол, гишүүнчлэл гэх мэт хүнийг тодорхойлох мэдээлэл) болон хүний эмзэг мэдээлэл (үндэс, угсаа, шашин шүтлэг, эрүүл мэнд, захидал харилцаа, тоон гарын үсгийн хувийн түлхүүр, ял эдэлж байгаа болон ял эдэлсэн эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа зэрэг мэдээлэл), түүнчлэн генетик болон биометрик мэдээллийг хамааруулсан байна.

Хуулийн шинэчилсэн найруулгад хэд хэдэн шинэ зохицуулалт бий болсон. Тухайлбал, мэдээлэл хариуцагч хуульд зааснаас бусад тохиолдолд мэдээллийг боловсруулах, цуглуулах, ашиглахдаа мэдээллийн эзнээс бичгээр зөвшөөрөл авах бөгөөд зөвшөөрөл нь цаасан, эсхүл цахим хэлбэртэй байна. Одоо мөрдөгдөж байга хуулийн дагуу хувь хүн мэдээллээ өөрөө хамгаалдаг концепци нь өөрчлөгдөж хувь хүн өөрийн мэдээллийг хадгалж хамгаалахаас гадна хувь хүний мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглаж байгаа мэдээлэл хариуцагч нь мэдээллийн нууцлалыг хадгалах, хамгаалах үүрэгтэй байхаар тогтоосон байна. Түүнчлэн харилцаа холбоо, цахим сүлжээ ашиглаж хувь хүний нууцыг задруулсан тохиолдолд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг ялгамжтай болгож, хүлээлгэх хариуцлагыг чангатгасан байна.

Мөн дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмжийг байршуулахад тавигдах шаардлагыг тогтоож, эдгээр төхөөрөмжөөр хийсэн бичлэгийг ашиглах зохицуулалтуудыг тусгасан байна.

Орон сууцны  дуусаагүй барилгад гэрчилгээ олгохыг зогсоож магадгүй

Практикт захиалагч нь орон сууцны зориулалтаар барьж байгаа барилгадаа иргэдээс захиалга буюу урьдчилга төлбөр авах, барьж дуусаагүй үл хөдлөх хөрөнгийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж дуусаагүй барилгын гэрчилгээ авч, тэрхүү авсан гэрчилгээг банк болон банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьж зээл авах тохиолдол түгээмэл байдаг.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээллэснээр 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд баригдаж дуусаагүй 552 барилгыг үл хөдлөх хөрөнгөд бүртгэж авсан байна. Үүнээс 123 баригдаагүй барилга банк, санхүүгийн байгууллагын зээлийн барьцаанд байна. Түүнчлэн тухайн барилга баригдаж дууссан ч тухайн орон сууцад байр худалдаж аваад үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авч чадахгүй байгаа 333 иргэн байгаа юм. Улмаар үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ авах зорилгоор Улсын бүртгэлийн ерөнхий газарт авилга өгөх, танил талаараа яриулах зэргээр авилгын сүлжээ үүсгэх нөхцөл болж байгаа нь баригдаж дуусаагүй барилгыг үл хөдлөх хөрөнгөд бүртгэдэг зохицуулалтаас үүдэлтэй байна. Тиймээс дээр дурьдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10 дахь хэсэгт ““Орон сууцны зориулалтаар барьж байгаа барилгыг байнгын ашиглалтад хүлээлгэн өгөх хүртэл эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхгүй” гэсэн заалт нэмэлт өөрчлөлтөөр оруулахаар холбогдох байнгын хороогоор хэлэлцэгдэж дэмжигдсэн бөгөөд УИХ-ын нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхээр санал, дүгнэлт гарсан байна.

Барьж дуусаагүй барилгыг үл хөдлөх эд хөрөнгөд бүртгэж иргэдийн өмчлөх эрхийг зөрчдөг зохицуулалтыг өөрчилж, нийтийн зориулалттай орон сууцны дэвсгэр болон орчны газрын эрхтэй холбоотой зохицуулалтыг шинээр бий болгох ач холбогдолтой юм Түүнчлэн Иргэний хууль болон Газрын тухай хуулийг уялдуулах, түүн дотор нийтийн зориулалттай орон сууцтай холбоотой иргэдийн өмчлөх эрх ноцтой зөрчигдөж буй зохицуулалтыг өөрчилж, боловсронгуй болгох зайлшгүй хэрэгцээ шаардлага дээр үндэслэн энэхүү өөрчлөлтийг хийж байгаа юм байна.

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлт

Өмнөх блогтоо бичиж байсан оюуны өмчийн тухай хууль тогтоомжийн шинэчлэлийн талаар үргэлжлүүлэн танилцуулъя. 2021 оны 5-р сарын 6-нд Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Тус хуулийн шинэчилсэн найруулга 2010 онд батлагдсан ба үүнээс хойш зөвхөн 2015 онд нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. Ийнхүү тус хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаас хойш барааны тэмдэгтэй холбоотой харилцаа хувьсан өөрчлөгдөж,  барааны тэмдгийн эрхийн хамгаалалтын үйл ажиллагаанд зарим шинэ зохицуулалтууд бий болсон. Тухайлбал, барааны тэмдгийн эрхийн хамгаалалтын үйл ажиллагаа бүрэн цахимжсан юм. Үүнтэй холбоотойгоор тус хуульд холбогдох нэмэлт өөрчлөлтийг оруулах шаардлага үүссэн байна.

Ингээд хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бий болсон шинэ зохицуулалтуудаас дурдвал:

  1. Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ хэлэлцээр (Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенц, Худалдаанд хамаарах оюуны өмчийн эрхийн тухай хэлэлцээр, Барааны тэмдгийн хуулийн тухай Сингапурын гэрээ зэрэг)-т нийцүүлэн хуулийн нэр томьёог шинэчлэн тодорхойлсон.
  2. Хуулиар тогтоосон барааны тэмдгийг бүртгэхээс татгалзах үндэслэлд улсын бүртгэлд бүртгэгдсэн хуулийн этгээдийн нэртэй давхацсан барааны тэмдгийг бүртгэхгүй байх нөхцөлийг нэмж тусгасан.
  3. Дээр дурдсан шинэ зохицуулалттай холбоотойгоор Оюуны өмчийн газар (буюу барааны тэмдгийн шинжээч) хуулийн этгээдийн нэрийн сангаас шүүлт хийхдээ улсын бүртгэлийн мэдээллийн сангаас шүүлт хийх боломж бүрдсэн. Энэ зохицуулалт өмнө нь байгаагүй бөгөөд үүний улмаас улсын бүртгэлд бүртгэлтэй хуулийн этгээдийн нэртэй адил, төстэй барааны тэмдгийг өөр этгээдийн өмчлөлд бүртгэх тохиолдол гардаг байсан.
  4. Барааны тэмдгийн мэдүүлгийн бүрдлийг хянах үйл ажиллагаанд шинэ зохицуулалтууд бий болж мэдүүлгийн бүрдлийг хянаж, анхдагч огноог тогтоосны дараа мэдүүлсэн барааны тэмдгийн ном зүй, илэрхийллийг албан ёсны тогтмол хэвлэлээр нийтэд мэдээлдэг болсон. Үүнтэй холбоотойгоор шинээр нэмэгдсэн бас нэгэн зохицуулалт бол ийнхүү нийтэд мэдээлсэн барааны тэмдгийн мэдүүлэгт сонирхогч этгээд эсэргүүцэл гаргаж болдог болсон юм. Өөрөө хэлбэл, одоо сонирхогч этгээд барааны тэмдгийг бүртгэхээс өмнө (буюу барааны тэмдгийн мэдүүлэгт шүүлт хийж байх хугацаанд) болон дараа нь эсэргүүцэл гаргаж болох юм. Харин хуучин зохицуулалтын дагуу сонирхогч этгээд зөвхөн барааны тэмдэг бүртгэгдсэний дараа эсэргүүцэл гаргах боломжтой байсан юм.
  5. Барааны тэмдэг эзэмшигч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр барааны тэмдгийг 5 жилийн турш ашиглаагүй бол хүчингүй болгох тухай зохицуулалтыг шинээр тусгасан.
  6. Бүртгэгдсэн барааны тэмдгийн анхдагч огнооноос өмнө тус барааны тэмдэгтэй адил тэмдгийг адил бараа, үйлчилгээнд шударгаар хэрэглэж байсан этгээдийн хувьд үйлчлэх онцгой эрхийн зохицуулалтыг нэмж тусгасан.
  7. Барааны тэмдэг эзэмшигч болон газар зүйн заалтын хэрэглэгч өөрийн нэр, хаяг өөрчлөгдсөн, эсхүл эрхээ шилжүүлсэн тохиолдолд тухай бүр хүсэлт гарган улсын бүртгэлд өөрчлөлт оруулах шаардлагыг үүрэгжүүлсэн.

Ерөнхийдөө хуулийн нэмэлт өөрчлөлт нь өмнөх зохицуулалтуудаар давхардсан, зөрүүтэй, хууль хоорондын уялдаа холбоогүй зохицуулалтуудыг арилгаж, мэдүүлэг гаргах, мэдүүлгийн бүрдлийг хянах, мэдүүлэгт шүүлт хийх, барааны тэмдэг, газар зүйн заалтыг бүртгэх, хэвлэх зэрэг зохицуулалтыг илүү нарийвчилж, тодорхой болгосон байна.

Оюуны өмчийн тухай хууль тогтоомжийн шинэчлэл

Сүүлийн арав гаруй жилийн хугацаанд технологийн хурдтай хөгжлийг дагаад шинээр олон төрлийн бүтээл, уран бүтээлүүд оюуны өмчийн эрхээр хамгаалагдах болсон. Үүнийгээ дагаад оюуны өмчтэй холбоотой харилцаа, гэрээ хэлцлүүд улам нарийн төвөгтэй, олон талт болж, улмаар оюуны өмчийн тухай хууль тогтоомжид цаг үедээ нийцсэн өөрчлөлт, шинэчлэл хийх шаардлага үүсээд байгаа юм. Ийнхүү 2020 оны 1-р сарын 23-ны өдөр Оюуны өмчийн тухай хууль батлагдаж, 2020 оны 12-р сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Тус хуулиар оюуны өмчийн эрхээр хамгаалагдах бүтээл, оюуны өмчийг хамгаалах зарчим, оюуны өмчийн байгууллагын тогтолцоо, чиг үүргийг тогтоох зэрэг нийтлэг харилцааг зохицуулдаг. Тус хуулийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидний өмнөх блогуудаас олж уншина уу. Харин оюуны өмчийн тодорхой төрлүүдийг хамгаалах үйл ажиллагаатай холбоотой нарийвчилсан харилцааг тусгайлсан хуулиудаар зохицуулдаг.

Дээр дурдсан эрх зүйн шинэчлэлийн хүрээнд 2021 оны 5-р сарын 6-ны өдөр Патентийн тухай хууль (шинэчилсэн найруулга), Зохиогчийн эрхийн тухай хууль (шинэчилсэн найруулга), Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль тус тус батлагдсан.

Патентийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад хэд хэдэн чухал нэмэлт, өөрчлөлт орсон байна. Үүнд:

  • ашигтай загварт патент олгодог болсон. Өмнөх хуулиар ашигтай загварт гэрчилгээ олгодог байсан;
  • шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварыг ялгаж, шалгууруудыг нь нарийвчлан тодорхойлж, бүтээгдэхүүний загварыг тусад нь бүлэг болгон зохицуулсан;
  • “мэдүүлгийн бүрдлийг хянах” болон “мэдүүлгийн бүрдлийн шүүлт хийх” ажиллагааны ялгааг тодруулж, “хайлт” хийх ажиллагаатай холбоотой зохицуулалтыг нарийвчлан тусгасан;
  • Монгол улсын нэгдэн орсон Патентын хамтын ажиллагааны гэрээнд хугацаа маш урт байдаг учраас мэдүүлэгт мөн чанарын шүүлт хийх, шинжээчийн дүгнэлт гаргах, патент олгох эсэхийг шийдвэрлэх хугацааг хуульд хэт богино тогтоосон, мөн патент олгох эсэхийг шийдвэрлэх хугацааг эргэлзээтэй байдлаар тогтоосныг өөрчилж, хугацааг тодорхой тогтоосон. Мөн патентын эрх зүйн бусад зохицуулалтыг Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээнүүдийн холбогдох зохицуулалттай нийцүүлсэн;
  • мэдүүлгийг цахим хэлбэрээр гаргах зохицуулалтыг шинэчилж, тодорхой болгосон;
  • патент олгох, патент олгохоос татгалзах шийдвэрийг дахин хэлэлцэх, сонирхогч этгээдээс эсэргүүцэл гаргах, мөн шийдвэр гаргах үндэслэлийг тодорхой заасан;
  • олон улсын мэдүүлэг гаргах, хүлээн авах, шүүлт хийх, олон улсын болон бусад улсын хайлт, шүүлтийн тайланг ашиглах, хүлээн зөвшөөрөх зохицуулалт, түүнчлэн лицензийн гэрээний зохицуулалтыг нарийвчилсан.

Ерөнхийдөө хуулийн шинэчилсэн найруулга нь өмнөх хуульд давхардсан, зөрүүтэй, хууль хоорондын уялдаа холбоогүй зохицуулалтуудыг арилгаж, мэдүүлэг гаргах, түүнд хайлт, шүүлт хийх хугацаа, журам, патент олгох, олгохоос татгалзах үндэслэл зэрэг зохицуулалтыг илүү нарийвчилж, тодорхой болгосон байна.

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлт болон Зохиогчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар дараа дараагийн блогтоо танилцуулах болно.

Аутсорсинг ашиглахад анхаарах зүйлс

Сүүлийн жилүүдэд аутсорсинг ашиглах нь жижиг, дунд болон бүр зарим томхоон бизнес эрхлэгчдийн дунд нийтлэг практик болж байгаа бөгөөд энэ нь эдгээр бизнес эрхлэгчдэд ажиллах хүч, эсвэл санхүүгийн хязгаарлагдмал байдлаас шалтгаалж өөрсдөө гүйцэтгэж чадахгүй байгаа ажил, үйлчилгээг авах боломжийг олгодог байна. Тэгвэл аутсорсинг гэж юу вэ?

Аутсорсинг гэдэг нь таны бизнест хэрэгтэй ажил, үйлчилгээг гадны мэргэшсэн байгууллага, хувь хүнээр гэрээний үндсэн дээр хийлгэхийг хэлнэ. Аутсорсинг хийхдээ гадаадын эсвэл дотоодын мэргэшсэн байгууллагыг хөлсөлж болно. Эдгээр мэргэшсэн байгууллага буюу аутсорсингийн компани нь ажил, үйлчилгээг гүйцэтгэхдээ өөрийн мэргэжилтэн(үүд)ийг захиалагч компанийн ажлын байранд байршуулан ажиллуулах, өөрийн программ хангамж, техник төхөөрөмжийг захиалагч компанийн ажлын байранд суурилуулах, эсвэл өөрийн ажлын байрнаас утас, интернэт гэх мэт харилцаа холбооны технологи ашиглан үйл ажиллагаагаа явуулдаг байна. Аутсорсинг хийхдээ гэрээт ажилтан, түр ажилтан эсвэл freelancer буюу чөлөөт ажилтныг гэрээний үндсэн дээр хөлслөн ажиллуулж бас болно.

Аутсорсингийн хэд хэдэн хэлбэр байдаг ба ажил, үйлчилгээг хэрхэн гүйцэтгэж байгаагаас хамаараад захиалагч компанийн хувьд аль нэг нь нөгөөгөөсөө илүү давуу талтай байна. Захиалагч компани болон аутсорсингийн компанийн байршлаас хамаараад ерөнхийдөө аутсорсингийн гурван үндсэн хэлбэр байдаг. Энэ нь onshore, offshore болон nearshore аутсорсинг. Onshore аутсорсинг гэдэг нь захиалагч компани болон аутсорсингийн компани хоёулаа нэг улсад үйл ажиллагаа явуулахыг хэлнэ. Offshore аутсорсинг гэхээр эсрэгээрээ захиалагч компани болон аутсорсингийн компани нь өөр өөр улсад үйл ажиллагаа явуулахыг хэлнэ. Харин nearshore аутсорсинг гэж захиалагч компани болон аутсорсингийн компани нь хөрш орнуудад эсвэл хил залгаа бүс нутагт үйл ажиллагаа явуулахыг хэлнэ.

Компаниуд маш олон төрлийн ажил, үйлчилгээг аутсорсингаар хийлгэж болдог. Компаниуд ихэвчлэн программ хангамж хөгжүүлэх, дэд бүтцийн шийдлүүдийг боловсруулах, программ хангамжийн дэмжлэг болон техникийн дэмжлэг үзүүлэх гэх мэт мэдээллийн технологийн ажил, үйлчилгээг аутсорсингоор авдаг. Түүнчлэн компаниуд хүний нөөцийн менежмент, нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээ, хууль зүйн үйлчилгээ, харилцагчийн үйлчилгээ, харилцаа холбооны үйлчилгээ, хүргэлтийн үйлчилгээ зэргийг аутсорсингоор хийлгэх нь ихэссэн. Харин программчлах, контент бүтээх эсвэл орчуулга хийх зэрэг зарим төрлийн ажлыг гэрээт ажилтан, эсвэл чөлөөт ажилтан хөлслөн хийлгэх нь илүү нийтлэг болоод байна.

Компаниуд ихэвчлэн зардлаа хэмнэх, үр ашиг, бүтээмжээ нэмэгдүүлэх зорилгоор аутсорсинг ашигладаг. Тиймээс ч компаниуд хэрэгтэй байгаа ажил, үйлчилгээгээ өөрт байхгүй гэхдээ аутсорсингийн компаниудын санал болгож буй мэргэшлийн туршлага, мэдлэг, шинэлэг техник технологийн шийдлүүдэд тулгуурлан хийлгэдэг байна. Учир нь аутсорсингийн компани нь зөвхөн тодорхой нэг чиглэлээр дагнан үйл ажиллагаа явуулдаг учраас тухайн ажил, үйлчилгээг захиалагч компаниас илүү сайн, чанартай, түргэн шуурхай, мөн хямд өртгөөр хийж гүйцэтгэж чаддагт оршиж байгаа юм. Энэ давуу талуудыг харгалзаад компаниуд өөрсдийн үндсэн үүрэг функцээс гадуурх ажил, үйлчилгээг аутсорсингоор хийлгэж, ингэснээр тэд өөрсдийн нөөц бололцоог үндсэн үйл ажиллагаа эсвэл бизнесийн хамгийн чухал салбартаа төвлөрүүлж, улмаар зах зээлд өрсөлдөх давуу талыг олж авдаг байна.

Гэсэн хэдий ч аутсорсинг ашиглах нь компаниудад зарим нэг хүндрэл, бэрхшээл учруулж болзошгүй юм. Жишээлбэл, захиалагч компанийн хувьд тодорхой ажил, үйлчилгээг авахын тулд компанийн нууц мэдээлэл, хөрөнгийн мэдээлэл болон бусад нууцад хамаарах мэдээ мэдээллийг аутсорсингийн компанид шилжүүлэх шаардлагатай болдог ба энэ тохиолдолд аутсорсингийн компани тэдгээрийг буруугаар ашиглах, зохисгүй хадгалах/харьцах, эсвэл санамсаргүйгээр бусдад задруулах гэх мэт мэдээллийн аюулгүй байдлын эрсдлүүд үүсэх магадлалтай. Тиймээс аутсорсинг ашиглах гэж байгаа компаниуд ямар ажил, үйлчилгээг аутсорсингоор хийлгэхээ нухацтай нягтлахаас гадна аль аутсорсингийн компанитай хамтран ажиллах вэ гэдэгт чухал ач холбогдол өгөх шаардлагатай байдаг. Аутсорсингийн компанитай тогтвортой, найдвартай түншлэлийн харилцаа тогтоох, итгэлцлийн харилцаатай байх нь захиалагч компанийн хувьд маш чухал юм. Үүний тулд захиалагч компани болон аутсорсингийн компани хоорондын харилцааг гэрээгээр нарийн зохицуулах хэрэгтэй ба захиалагч компанийн зүгээс түншлэлийн харилцааг амжилттай хөгжүүлэхэд зохих хэмжээний чармайлт гаргах нь зүйтэй. Гэхдээ зарим компанийн хувьд түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд зориулж буй зардал нь аутсорсинг хийлгэж байгаа зардлаас давах тохиолдол байдаг учраас энэ нь аутсорсинг ашиглахын давуу тал(ууд)ыг үгүйсгэх явдал ч бий.

Аутсорсингийн гэрээ байгуулахад анхаарах хэд хэдэн чухал зүйлс бий. Тиймээс гэрээ байгуулахаас өмнө мэргэжлийн хууль зүйн зөвлөгөө авах нь зөв алхам болох байх аа. Гэрээ нь анхнаасаа шударга, ойлгомжтой байхаас гадна ямар ажил, үйлчилгээг аутсорсингоор авч байгааг гэрээнд тодорхой зааж тусгасан байх хэрэгтэй. Хэдийгээр гэрээ боловсруулах амаргүй ч сайн аутсорсингийн гэрээнд дараахь зохицуулалтыг тусгасан байвал зохино. Үүнд, аутсорсингоор хийх ажил, үйлчилгээг дэлгэрэнгүй тодорхойлох; ажил, үйлчилгээний үр дүн; төлбөрийн нөхцөл/хуваарь; гэрээний үндсэн болон тусгай нөхцлүүд (талуудын эрх, үүрэг); ажил, үйлчилгээг дүгнэх, хүлээн авах; талуудын хариуцлага, хохирол барагдуулах; гэрээний хугацаа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх хугацаа; болон гэрээ дуусгавар болох үндэслэл (үүнд мөн гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах хамаарна). Захиалагч компанийн үйл ажиллагааны чиглэлээс хамаараад гэрээнд заасан хийхээр тохиролцсон ажил, үйлчилгээний жагсаалт нь их ба бага байж болдог. Ингэхдээ ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэх хугацаа, хуваарь, хүлээлгэж өгөх/авах хугацаа зэрэг нь тодорхой байвал талуудын хооронд аливаа үл ойлголцол, маргаан үүсэхээс зайлс хийх боломжтой юм. Түүнчлэн гэрээ хэзээ, ямар үндэслэлээр дуусгавар болох, дуусгавар болоход талуудын эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой заасан байх шаардлагатай. Ер нь талуудын хооронд аливаа маргаан үүссэний дараа биш харин анх гэрээ байгуулахдаа л гэрээ дуусгавар болох (үүнд гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах) үндэслэл болон дуусгавар болсны дараа талуудын хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой зохицуулах нь зүйтэй.

Аутсорсингийн гэрээнд тусгавал зохих бусад заалт, нөхцөлд нууцлалын заалт, гэрээт ажилтны заалт* (хэрвээ ажил, үйлчилгээ гүйцэтгэгч нь хувь хүн бол), даатгал, давагдашгүй хүчин зүйлс, маргаан шийдвэрлэх болон хэрэглэх хууль (хэрвээ offshore эсвэл nearshore аутсорсинг хийж байгаа бол) зэрэг хамаарна. Гэрээнд талуудын оюуны өмчийн талаар тусгасан байвал зохино. Тухайлбал, талууд өөр өөрсдийн эзэмшиж буй оюуны өмчийн эрхээ хэвээр хадгалж үлдэх бөгөөд эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр ашиглахгүй байх зохицуулалтыг тодорхой тусгах хэрэгтэй. Түүнчлэн гэрээний нууцлалын заалт маш тодорхой байх ёстой. Захиалагч компанийн ямар мэдээ мэдээлэл нь компанийн нууцад хамаардаг, тэдгээр мэдээлэлтэй хэрхэн харьцах, хадгалах зэргийг маш нарийн тодорхой зааж тусгах хэрэгтэй байдаг.

*энэ заалтад гэрээт ажилтан нь захиалагч компанийн ажилтан биш болох, компанийн ажилтанд олгодог хангамж, хөнгөлөлт, урамшуулал зэрэгт хамрагдахгүй байх, гэрээт ажилтны бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг компани хүлээхгүй байх зэрэг зохицуулалт хамаарна.

Цахим засаглал руу шилжих нь

Дэлхий нийтийн хөгжлийн хандлага хамгийн сүүлийн үеийн технологийн дэвшлээр тодорхойлогдож байгаа энэ эринд улс орнууд цахим засаглал руу шилжих шаардлага бий болоод удаж байна. Тиймээс дэлхийн улс орнууд төрийн үйлчилгээгээ илүү түргэн шуурхай, ил тод, зардал багатай байлгахын тулд хэдийн цахимжуулаад эхэлжээ. КОВИД-19-ийн цар тахал дэлхий дахинд тархахад төрийн үйлчилгээг цахимаар авах шаардлага урьдныхаасаа ч их болсон юм. Монголын төр засаг ч гэсэн дэлхийн хөгжлийн энэ чиг хандлагаас хоцрохгүй байхыг хичээж явна.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар цахим үйлчилгээний нэгдсэн “E-Mongolia” системийг 2020 оны 10-р сарын 1-нд албан ёсоор олон нийтэд танилцуулсан. Иргэд болон аж ахуйн нэгжүүд www.e-mongolia.mn веб портал болон “Е-Mongolia” гар утасны аппликейшн ашиглаж аль нэг төрийн байгууллагыг зорьж очилгүйгээр, өөрт хэрэгтэй төрийн үйлчилгээг гэрээсээ эсвэл ажил дээрээсээ, эсвэл хилийн чандаас ямар ч  цаг үед авч болох боломжийг  “E-Mongolia” олгож байгаа юм. Тус системийг анх танилцуулж байх үед төрийн 23 байгууллагын 181 үйлчилгээг цахимаар авах боломжтой байсан. Харин одоо буюу нэг жилийн дараа төрийн 56 байгууллагын 540 үйлчилгээг цахимаар авах боломж бүрдсэн байна. Гэхдээ энэ бол төрийн үйлчилгээг цахимжуулж буй анхны хэрэг биш юм. Зарим төрийн байгууллагууд үйлчилгээгээ аль хэдийн цахимжуулж эхэлсэн бөгөөд зарим нь одоог хүртэл амжилттай хэрэгжүүлж байна. Жишээлбэл, Татварын Ерөнхий Газар 2001 оноос эхлэн татварын тайланг цахимаар авах оролдлогыг хийж эхэлсэн бөгөөд улмаар цахим татварын систем (https://etax.mta.mn), 2016 онд цахим төлбөрийн баримтын системийг (https://ebarimt.mn) тус тус ашиглалтад оруулсан. “E-Mongolia” системийг ашиглалтад оруулснаар тус тусдаа үйл ажиллагаа явуулж байсан цахим төрийн үйлчилгээнүүд хоорондоо уялдаатай, харилцан холбоотой нэгдсэн цогц систем болж байгаа юм. Ингэснээр, төрийн байгууллагуудын мэдээлэл солилцоо түргэсэж, шийдвэр гаргах явц хурдасна. Үр дүнд нь төрийн үйлчилгээ нийтэд ил тод, түргэн шуурхай, чирэгдэлгүй, хүртээмжтэй хүрэх юм. Гэхдээ төрийн үйлчилгээг бүрэн цахимжуулж дууссан гэсэн үг биш. Харин цаашид “E-Mongolia” системийг илүү хөгжүүлж, төрийн үйлчилгээг цахимжуулах ажлыг үе шаттайгаар үргэжлүүлэх юм байна.

“E-Mongolia” системээс иргэд төрийн байгууллагаас аливаа лавлагаа, тодорхойлолт авах, иргэний үнэмлэх захиалах, жолооны үнэмлэх захиалах, татвар, хураамж төлөх гэх мэт олон төрлийн үйлчилгээг авах боломжтой. Тус системээс иргэд цахимаар үйлчилгээ авахаас гадна мөн аж ахуйн нэгжүүд маш олон төрлийн үйлчилгээг авах боломжтой юм. Жишээлбэл, компанийн баримт бичигт орсон өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх, зочид буудлын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авах, жуулчны баазын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авах, аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах, төрийн байгууллагуудаас тодорхойлолт, лавлагаа авах гэх мэт. Харин газар ашиглах эрхийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, эсвэл барилгын тусгай зөвшөөрөл авах зэрэг илүү нарийн шаардлага, шат дамжлагатай төрийн үйлчилгээнүүд тус системд нэвтрээгүй бөгөөд ийм төрлийн үйлчилгээг “уламжлалт” аргаар авч байна. Цаашид төрийн үйлчилгээг цахимжуулах ажил нь амжилттай үргэлжилж энэ төрлийн үйлчилгээнүүдийг цахимаар авах боломж нь удахгүй бүрдэнэ гэдэгт найдаж байна.

ХӨДӨЛМӨРИЙН ЭРХИЙН МАРГААН ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА

Өмнөх блогоороо шинэ Хөдөлмөрийн тухай хуулийн хүрээнд Хөдөлмөрийн маргааныг хөдөлмөрийн эрхийн маргаан, хөдөлмөрийн сонирхолын маргаан гэж ангилж байгаа, тухайн маргаан шийдвэрлэх механизм процесс нь өөрчлөгдөж байгаа тухай дурдсан. Энэ удаа Хөдөлмөрийн эрхийн маргааны шийдвэрлэх шинэ механизмын талаар танилцуулахаар бэлтгэлээ.

Хөдөлмөрийн тухай шинэ хууль 2022 оны 1 сарын 1-ны өдрөөс эхлэн  хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх ба 20 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллагад Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах орон тооны бус байнгын ажиллагаатай Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс (Комисс) байгуулагдан ажиллуулах үүрэгтэй болсон. Харин 20-оос доош ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага хүсвэл Комисс байгуулж болохыг хуулиар мөн зөвшөөрчээ.

Тухайн Комиссыг ажил олгогч болон аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрчний эвлэл, хэрэв ийм байгууллага байхгүй бол нийт ажилтны хурлаас сонгогдсон ажилтны тэнцүү тооны төлөөллөөс бүрдүүлэн байгуулахаар заажээ.

Энэхүү Комисс нь байгууллага дээр үүссэн хөдөлмөрийн харилцаатай холбоотой маргааныг анх тутам урьдчилсан шийдвэрлэх үүрэгтэй байна. Маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 90 хоногийн дотор  хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлэхээр тус Комисст хандах эрхтэй байна.

Хэрэв Комисс байгуулагдаагүй аж ахуйн нэгж, байгууллага болон ажилтан хооронд үүссэн маргааныг Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд (“Гурван талт хороо”) харьяалан шийдвэрлэх  эрхтэй байна. Хэрэв маргалдагч талууд Гурван  талт хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд (“Шүүх”) нэхэмжлэл гаргахаар зохицуулжээ.

Дараахь маргааныг урьдчилан шийдвэрлэх процесс дамжихгүйгээр Шүүхэд шууд хандаж шийдвэрлүүлэх боломжтой байна. Үүнд:

  • ажил үүргээ гүйцэтгэх явцад ажилтны амь нас, эрүүл мэндэд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл;
  • хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаарх ажилтны гомдол.

Хөдөлмөрийн шинэ хуулийн дагуу дээрх хөдөлмөрийн маргааныг шүүхийн өмнөх шатанд эвлэрүүлэх, урьдчилан шийдвэрлэх процессыг механизмыг хэрэгжүүлэх нарийвчилсан дүрэм, журмууд батлагдахаар хүлээгдэж байна.

ХӨДӨЛМӨРИЙН СОНИХРЛЫН МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ МЕХАНИЗМ

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга нь хөдөлмөрийн олон төрлийн маргааныг шийдвэрлэх. механизм/институци-д томоохон өөрчлөлтүүдийг оруулсан. Хөдөлмөрийн сонирхлын маргааны хувьд, маргалдагч талууд эхний ээлжид харилцан тохиролцож маргааныг шийдвэрлэх бүхий л хүчин чармайлт гаргах үүрэгтэй байна.

Хэрэв харилцан тохиролцож шийдвэрлэж чадаагүй тохиолдолд Хөдөлмөрийн зуучлагчийн дэмжлэгтэйгээр маргааныг зохицуулна. Талууд хөдөлмөрийн зуучлагчийн дэмжлэгийг авахаар тохиролцсон бол ажлын гурван өдрийн дотор хөдөлмөрийн зуучлагчийн үйл ажиллагааг эхлүүлнэ. Хэрэв харилцан тохиролцож чадаагүй, бол Хөдөлмөрийн асуудал хариуцсан байгууллага  талуудын саналыг харгалзан ажлын гурван өдөрт багтаан Хөдөлмөрийн зуучлагчийг томилно.

Хөдөлмөрийн зуучлагч ажлын таван өдөрт багтаан талуудын оролцоотойгоор хөдөлмөрийн зуучлалын үйл ажиллагааг явуулна. Энэ хугацааг нэг удаа ажлын 5 өдрөөр сунгаж болно. Хөдөлмөрийн зуучлалын үр дүнд талууд тухайн маргаантай асуудлаар харилцан тохиролцсон бол хөдөлмөрийн зуучлагч энэ тухай тэмдэглэл үйлдэж маргалдагч талууд гарын үсэг зурснаар хөдөлмөрийн сонирхлын маргаан шийдвэрлэгдсэнд тооцно.

Хэрэв хөдөлмөрийн сонирхлын маргааныг хөдөлмөрийн зуучлагчийн оролцоотойгоор шийдвэрлэж чадаагүй бол маргалдагч тал маргааныг хөдөлмөрийн арбитраар шийдвэрлүүлэхээр тухайн шатны хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хороонд хүсэлт гаргана.Тухайн шатны хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хороо хүсэлт хүлээн авснаас хойш ажлын гурван өдөрт багтаан тухайн маргааныг хэлэлцэх хөдөлмөрийн арбитрыг гурван арбитрчийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулна. Хөдөлмөрийн арбитр нь байгуулагдсан өдрөөс хойш ажлын 10 өдөрт багтаан хөдөлмөрийн сонирхлын маргааныг талуудын төлөөлөгчийг оролцуулан хянан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд хөдөлмөрийн арбитрч хөдөлмөрийн арбитрын ажиллагааг ажлын тав хүртэл өдрөөр сунгаж болно. Хөдөлмөрийн арбитрын шийдвэр эцсийнх байна.

Маргалдагч тал хөдөлмөрийн арбитрыг хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх үйл ажиллагааны журам зөрчсөн гэж үзсэнээс бусад тохиолдолд шүүхэд гомдол гаргахгүй ба хөдөлмөрийн арбитрын шийдвэрийг талууд биелүүлэх үүрэгтэй байна.

Маргалдагч талууд хөдөлмөрийн зуучлал, хөдөлмөрийн арбитрын шатанд маргааныг зохицуулах, шийдвэрлэх хүсэл эрмэлзэлтэйгээр оролцох; ажил хаялт, ажлын байр /локаут/ үйл ажиллагааг зохион байгуулахгүй байх; хөдөлмөрийн зуучлагч болон хөдөлмөрийн арбитрчийн хөдөлмөрийн маргааныг зохицуулах, шийдвэрлэхтэй холбогдуулан шаардсан мэдээлэл, судалгаа, баримт бичгийг гаргаж өгөх үүрэгтэй байна.