Монголын уул уурхайн салбарт 5 тэрбум ам.долларын санхүүжилт хэрэгтэй байна

Монголын уул уурхайн салбарт 5 тэрбум ам.долларын санхүүжилт хэрэгтэй байна


Энэ 7 хоногт Монгол Улсын Засгийн Газар, Уул цурхай, хүнд үйлдвэр яам, Уул уурхайн үндэсний ассоциаци, Монголын бизнесийн зөвлөл хамтран 16 дахь удаагийн “Дисковер Монголиа” нэгдсэн чуулганыг зохион байгуулав. “Дисковер Монголиа” нь уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчдын олон улсын чуулга уулзалт бөгөөд уул уурхайн салбар нь экспортын нийт орлогын 90% болон Дотоодын Нийт Бүтээгдэхүүний 75%-ийг дангаараа бүрдүүлдэг Монгол Улсын уул уурхайн бодлогын орчныг сайжруулах зорилготой юм. Улаанбаатарт болсон уг чуулганд 25 гаруй орны 600-гаад зочид, төлөөлөгчид оролцсон байна.

Нэгдсэн чуулган дээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нийт 5 тэрбум ам.долларын 10 гаруй төслийн санхүүжилтийг шийдэх хэрэгтэй байгааг дурдаад салбарын менежментийг сайжруулах, байгалийн баялгийг ирээдүй хойч үедээ шударгаар хуваарилах,  эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах үүднээс Үндэсний баялгийн санг бий болгохоор ажиллаж байгаагаа дуулгасан юм. Мөн энэ 7 хоногийн эхээр  болсон “Coal Mongolia-2018” чуулга уулзалтын үеэр дотоодын уул уурхайн компаниуд  техникийн шинэчлэл хийх, тоног төхөөрөмж худалдан авах нийт 20 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй хамтран ажиллах гэрээ байгуулж, гарын үсэг зурсан байна.

Мөн энэ 7 хоногт Харилцаа холбооны зохицуулах хорооны урилгаар Фэйсбүүк компанийн төлөөлөгчдийг тус хороон дээр ажиллалаа. Энэ үеэр Фэйсбүүк компанийн төлөөлөгчид тус компанийн бодлого, стандартыг танилцуулж, хувь хүний эрх, эрх чөлөөг хангах, хувийн нууцлалыг хамгаалах, хууль бус аливаа үйл ажиллагаатай хамтран тэмцэх талаар санал солилцов.

Энэ 7 хоногийн сүүлийн мэдээ гэвэл “Азийн улсуудад сайн засаглалыг бэхжүүлэх нь” Олон Улсын чуулган хуралдсан явдал байлаа. Чуулганыг Монгол Улсын Засгийн газар ба Нутгийн удирдлагын санаачилга ба сүлжээ ОУ-ын байгууллага хамтран зохион байгуулсан.  Улс орнууд өөрийн оронд хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн сайн засаглалын туршлагаа харилцан хуваалцах боломж олгоход энэхүү чуулганы зорилго болоод ач холбогдол оршиж байгаа юм. Чуулганд Азийн 11 улсын 22 байгууллага оролцсон. Оролцогчид  иргэдийн оролцоо ба нийгмийн хариуцлага, сонгуульд тавих иргэдийн хяналт, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, орон нутгийн чадавхийг бэхжүүлэх нь зэрэг сэдвээр өөрсдийн туулсан замнал, алдаа оноо, туршлагаасаа хуваалцав.