Category Archives: Uncategorized

Хувьцаа эзэмшигчдийн хурал болон ТУЗ-ын хурлын хоорондын хууль зүйн ялгааны талаар:

Монгол улсын Компанийн тухай хууль компаниудад өөрийн Компанийн дүрэмд ТУЗ-ыг хэрхэн зохион байгуулж, удирдах зэрэгтэй холбоотой зохицуулалтыг хийх эрхийг олгосон бөгөөд Компанийн дүрэмд ТУЗ-ын дарга нь ТУЗ-ын үйл ажиллагааг зохион байгуулж, түүний хурлыг хуралдуулах, хурал даргалах, хурлын тэмдэглэлийг хөтлүүлэх, хяналт тавих үүргийг гүйцэтгэхээр заажээ.

Түүнчлэн, Компанийн тухай хуульд ТУЗ-ын хурлыг хэрхэн хуралдуулах тухай нарийн зохицуулалтыг тусгаагүй буюу өөрөөр хэлбэл ийм төрлийн хурлыг ямар харилцаа холбооны хэрэгслийг / телеконференц, онлайн конференц г.м./ ашиглан хуралдуулж болох  тухай нарийвчлан тусгаагүй юм.  Энэхүү “нээлттэй” зохицуулалтыг хилийн чанадад ажиллаж, амьдардаг боловч Монгол улсад компанийн үйл ажиллагаа эрхэлдэг гадны хөрөнгө оруулагч эсхүл бизнес эрхлэгчид сайшааж магадгүй.

Үүнээс гадна, ТУЗ-ын хурал болоод хувьцаа эзэмшигчдийн хурал дээр хэлэлцэх асуудлуудын хооронд ч гэсэн маш их ялгаа бий. Компанийн тухай хуулийн 76-р зүйлд ТУЗ-ын бүрэн эрхэд хамаарах асуудлыг жагсаасан бөгөөд үүнд тухайлбал:

  • Хувьцаа эзэмшигчдийн ээлжит болон ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах;
  • Компанийн гүйцэтгэх удирдлагыг сонгох, өөрчлөх, түүний бүрэн эрхийг тогтоох;
  • Аудитын байгууллагыг сонгож, түүнтэй байгуулах гэрээний нөхцөлийг тогтоох;
  • Компанийн жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаар дүгнэлт гаргаж, түүнийг хувьцаа эзэмшигчдийн хуралд танилцуулж батлуулах зэрэг бүрэн эрхийн асуудлууд багтана.

Дээрх бүрэн эрхийн асуудлуудыг ТУЗ-ын хурлаар хэлэлцэх ба тус хурлаар гаргасан шийдвэр, дүгнэлтийг хувьцаа эзэмшигчдийн хурал хэлэлцэх юм.  Товчхондоо, хувьцаа эзэмшигчдийн хурал нь ТУЗ-ын хурлаар гаргасан шийдвэрийг батлана гэсэн үг. Тухайлбал, хувьцаа эзэмшигчдийн хуралд дараах бүрэн эрх багтах ба дан ганц үүгээр үл хязгаарлагдана:

  • Компанийн жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах;
  • Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцүүлэхээр оруулсан бусад асуудал г.м.

Иймд компаниуд хууль зүйн аливаа сөрөг үр дагавар гарахаас урьдчилан сэргийлэхийн тулд

тус хоёр хуралтай холбоотой хуулийн зохицуулалтын ялгааг сайтар мэдэж байх шаардлагатай болно.

Патентийн хураамж төлөх хугацаа

Патент эзэмшигч нь патентыг хүчинтэй байлгах дараах хураамжийг Оюуны өмчийн газарт төлнө:

  • Эхний 3 жилд 10000 төгрөг;
  • 4-6 жилд 20 000 төгрөг;
  • 7-10 жилд 30 000 төгрөг;
  • 11-15 жилд 40 000 төгрөг;
  • 16-20 жилд 50 000 төгрөг.

          Харин эхний З жилийн хураамжийг патент олгох шийдвэр гарсан өдрөөс хойш 6 сарын дотор, дараахь хугацааны хураамжийг тухайн хугацаа эхлэхээс 6 сарын өмнө тус тус төлнө. Энэхүү хугацаанд төлөөгүй бол Оюуны өмчийн газар тухайн хугацаа өнгөрснөөс хойш 6 сарын хөнгөлөлтийн хугацааг тогтоож болох бөгөөд энэ тохиолдолд тухайн хугацааны хураамжтай тэнцэх хэмжээний төлбөр нэмж төлөхөөр зохицуулжээ.

Xураамжийг 6 сарын хөнгөлөлттэй хугацаанд төлөөгүй тохиолдолд Оюуны өмчийн газар патентийг хүчингүй болгох эрхтэй аж. Гэвч ийнхүү төлбөрийн шалтгааны улмаас патентийг хүчингүйд тооцсон нөхцөлд патент хүчинтэй байх / 20-50 жил/ нийт хугацааны дотор патент эзэмшигчийн хүсэлтээр патентийг сэргээж болно.

Барааны тэмдгийг нийтэд түгээмэл болсонд тооцуулах тухай хүсэлтийг гаргах

Өөрийн барааны тэмдэгтэй холбоотойгоор шударга бус өрсөлдөөн, ашиг сонирхлын зөрчил үүссэн гэж үзсэн тохиолдолд, барааны тэмдэг эзэмшигч нь өөрөө, эсхүл оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр төлөөлүүлэн Монгол улсын Оюуны өмчийн газрын дэргэдэх Маргаан шийдвэрлэх Комисст тус тэмдгийг Монгол улсын хэмжээнд нийтэд түгээмэл болсонд тооцуулах тухай хүсэлтийг гаргаж болно.

Ингэхдээ хүсэлт гаргагч нь тус хүсэлтийг зөвхөн нэг барааны тэмдэгт хамаарч гаргах бөгөөд энэхүү хүсэлтэнд өөрийн болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувийн буюу ажил хэргийн үндсэн мэдээллээс гадна дараах мэдээллийг оруулна:

  • Нийтэд түгээмэл болсонд тооцуулах гэж байгаа барааны тэмдгийн илэрхийлэл;  
  • тухайн барааны тэмдгийн нийтэд түгээмэл болсонд хамаарах бараа, үйлчилгээний нэрсийн жагсаалт;
  • тухайн барааны тэмдгийн нийтэд түгээмэл болсон огноо;
  • Монгол Улсад тухайн барааны тэмдгийн эрхийн хамгаалалт хийгдсэн байдал.
  • нийтэд түгээмэл болсонд тооцуулах болсон үндэслэлийг нотлох баримтын хамт.

Түүнчлэн Оюуны өмчийн газар нь нийтэд түгээмэл болсонд тооцсон барааны тэмдгийн жагсаалтыг гаргах чиг үүргийг хэрэгжүүлэгч байгууллага мөн боловч тэднээс авсан албан бус мэдээллийн дагуу өөрийн барааны тэмдгийг нийтэд түгээмэл болсонд тооцуулахаар

Нийтэд түгээмэл барааны тэмдэгтэй холбоотой Монгол улсад хэрэгжих журам.

Монгол улсын 1985 онд нэгдэн орсон “Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын Конвенцид холбооны гишүүн орон, тэмдгийг хэрэглэж байгаа буюу тэмдгийг бүртгэсэн орны эрх бүхий байгууллагын тодорхойлсноор конвенцийн давуу эрхийг эдлэгч этгээдийн өөрийн буюу адил төрлийн бүтээгдэхүүнд хэрэглэдэг тэмдэг тухайн улсад нийтэд түгээмэл болсон барааны тэмдэгтэй төөрөгдөл үүсгэж болохуйц ба тэмдгийг дуурайлган үйлдсэн, хуулбарласан, орчуулсан барааны тэмдгийг сонирхогч этгээдийн гаргасан хүсэлтийн дагуу эсхүл тухайн орны хууль тогтоомжоор зөвшөөрч байвал хэрэглэхийг хориглох, бүртгэлийг хүчингүй болгох, бүртгэхээс татгалзах үүрэг хүлээнэ.

Энэ заалт, тэмдгийн зонхилох бүрдэл хэсэг нь нийтэд илэрхий болсон тэмдгийн хуулбар буюу түүнийг дуурайлгасан, түүнтэй төөрөгдөл үүсгэж болохуйц байгаа тохиолдолд бүрэн хамаарахаар зохицуулсан байна. Ийнхүү 2010 онд батлагдсан Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 3.1.13-р зүйлийн дагуу “нийтэд түгээмэл болсон барааны тэмдэг” гэдэг нь  бүртгэгдсэн эсэхээс үл хамааран Монгол Улсын тухайн салбарт нийтэд танил болсон барааны тэмдэг байхаар заасан аж.  Оюуны өмчтэй холбоотой нарийвчилсэн дүрэм журам боловсруулж, батлах хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд Монгол улсын Оюуны өмчийн газар 2014 оны 04 сарын 08-нд “Барааны тэмдгийг нийтэд түгэмээл болсонд тооцох журам”- ыг батлаад байна.

Харин тухайн журам зөвхөн Монгол улсын нутаг дэвсгэрт үйлчилж, Монголын олон ниймэд түгээмэл танигдсан /үүнд дотоод ба гадаадын барааны тэмдэг тус бүр хамаарна/ байх ёстой гэдгийг санах нь зүйтэй. Өөрийн барааны тэмдгийг нийтэд түгээмэл болсонд тооцуулахтай холбоотой асуудал, маргааныг шийдвэрлүүлэхийг хүссэн компаниуд тухайн хүсэлтээ Оюуны өмчийн газрын дэргэдэх Маргаан шийдвэрлэх комисст гаргах юм.

Домэйн нэр ба эрх зүйн зохицуулалт. 1-р хэсэг

Веб хуудасны хаягийн сонгосон нэр нь дахин давтагдашгүй цор ганц байдаг тул бизнес эрхлэгчдийн цахим орчин дах нэрийн хуудас буюу зах зээл дээр танигдаж, өөрийн байр суурийг хадгалах нэгэн чухал арга хэрэгсэл болдог. Тус оноосон нэрний ард .com, .de, edu.com, gov.mn зэрэг буюу үйл ажиллагааны улс орон аль эсхүл чиглэлийг илэрхийлэх тухайн домэйн нэрний өргөтгөлийг залгасан байна.

Сингапур гэх цөөн тооны зарим гадаад улсад зөвхөн тухайн улсад бүртгэлтэй компаниудад тухайн улсын өргөтгөлтэй домэйн нэр олгохыг зөвшөөрдөг байна. Харин Монгол улсын хуульд ийм хориг хязгаарлалт байхгүй. Өөрөөр хэлбэл, манай улсын домэйн нэрний албан ёсны өргөтгөлийн код болох .mn нэрийг зөвхөн дотоодын аж ахуйн нэгжүүд төдийгүй өөрийн үйл ажиллагаагаа Монголын хэрэгчлэгчдэд таниулахыг хүссэн, магадгүй өөрийн дэлхийн том брендийг тус зах зээл дээр хамгаалахыг хүссэн гадны компаниуд ч гэсэн бүртгүүлэх боломжтой юм.

Монгол улсад харилцаа холбооны сүлжээ байгуулах, түүнийг ашиглах, хамгаалах, иргэн, хуулийн этгээдийг харилцаа холбоо, мэдээллийн технологийн чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хүртээмжтэй хангах зэрэгтэй холбогдсон харилцааг Харилцаа Холбооны тухай хуулиар зохицуулна. Тус хуульд 2019 оны 05 сарын 30-нд нэмэлт өөрчлөлт оруулж, домэйн нэрийг бүртгэх, ашиглахтай холбогдсон журам батлах, хэрэгжилтэд хяналт тавих бүрэн эрхийг Засгийн Газрын байгуулсан Харилцаа Холбооны зохицуулах хороо хэрэгжүүлэхээр заажээ.

Харилцаа Холбооны Зохицуулах хорооноос өгсөн албан бус мэдээллийн дагуу тус журмыг боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан байгаа аж. Ерөнхийдөө харилцаа холбоо, үүнд нэн ялангуяа цахим орчин ба домэйн нэрийн асуудлаар барих төрийн бодлого болон хууль эрх зүйн орчин тодорхойгүй, тун дутмаг байгаа билээ. 2019 оны 06 сарын 05-ны өдөр Улсын Их Хурлын Цахим бодлогын түр хорооноос Монгол улсын Засгийн газарт чиглэл өгөхөөр баталсан тогтоолын 12-р зүйлд домэйн нэрийн эрх зүйн орчинг бүрдүүлж, төрийн бодлогыг тодорхой болгохоор заажээ.

Үргэлжлэл бий.

Ашигт малтмлын лицензийн төлбөрийг Ашигт малтмал, газрын тосны газарт жил бүр төлж бүртгүүлэх процесс болон цаг хугацаа

Жил бүр бүртгэл хийхдээ ашигт малтмалын лицензийг  эх хувиар нь аваачиж бүртгүүлэх үү

Лицензээ хүчин төгөлдөр хадгалахын тулд лиценз-эзэмшигч нь лицензийн төлбөрийг жил бүр төлөх үүрэгтэй байдаг.  Тусгай зөвшөөрлийн жилийн төлбөрийг төлөхдөө ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг эх хувиар нь Ашигт малтмал газрын тосны газар (AМГТГ) авч очоод тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралт хэсэгт жилийн төлбөр төлсөн гэсэн тэмдэглэл хийлгэнэ.

Ашигт малтмал газрын тосны газрын дотоод журмын дагуу, АМГТГ нь оргиналь баримт бичиг болох ашигт малтмалын лиценз, албан бичиг, лицензний төлбөр зэргийг хүлээн авсан тохиолдолд баримт бичиг хүлээн авсан баримт өгнө. Энэхүү баримтанд тусгай зөвшөөрлийн жилийн төлбөрийг тэмдэглэсэн лицензийг буцаан олгох огноог заасан баримтыг лиценз эзэмшигч эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгчид өгнө. Практикт, AМГТГ-ын ажлын ачааллаас хамаараад бүртгэлийн ажиллагаа 3-7 өдрийн дотор хийгдэнэ. Хэрвээ лиценз эзэмшигч жилийн төлбөр болон бүртгэлээ өөрөө хийх боломжгүй бол агент/төлөөлөгч-д итгэмжлэл олгосны үндсэн дээр хийлгэж болно.

Хэрвээ ашигт малтмалын лицензийг хаясан гээсэн тохиолдолд ямар процессоор ашигт малтмалын лицензийг дахин олгож болох вэ?

Ашигт малтмалын лицензийг дахин авахад дараах баримт бичгийг АМГТГ-т бүрдүүлж өгнө:

  • Лицензийг дахин авах тухай албан ёсны хүсэлт -албан бичиг;
  • Тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ашигт малтмалын лицензийн тэмдэгтийн хураамж 250, 000 төгрөг, хайгуулын лицензийн тэмдэгтийн хураамж 200,000 төгрөг;
  • Хаясан, гээсэн лицензийг хүчин төгөлдөр бус гэж сонинд зарласан зар (Сонингийн зарын хэсэг, Үүнд: Сонингийн нэр, дугаар, өдөр багтсан байх);
  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газраас олгосон Компанийн гэрчилгээний хуулбар;
  • Бүрэн бөглөсөн өргөдлийн маягт (лиценз дахин олгох) (АМГТГ-ын вэб хуудснаас татаж авахад бэлэн байгаа)

Өнөөдрийн блогоор бид эд мөнгөний хонжворт сугалаа гаргах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авахад шаардагдах баримт бичгийн талаар танилцуулж байна.

  1. Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл;
  2. Тусгай зөвшөөрөл хүсэгч нь хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ;
  3. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /240 000-600 000 төгрөг/
  4. Сугалааны нөхцөл буюу үйл ажиллагаа эрхлэх төсөл;
  5. Аудитаар баталгаажуулсан сүүлийн улирлын тайлан баланс;
  6. Татварын өр төлбөртэй эсэх талаарх харилцагч банкны баталгаа;
  7. Сугалаанаас олсон орлогыг хуваарилах норматив;
  8. Сугалааны тасалбар, эсхүл сугалааны нөхцлөөр тохирсон бусад баримт бичгийн загвар, түүнд тавигдах шаардлага, түүн дээр буулгасан бичиг, зураг, эсхүл тэмдэг, сугалааны тасалбарыг дууриалган хуулбарлахаас сэргийлэх арга;
  9. Сугалааны хонжворыг олгох, төлөх үед билетийг шалгах магадлах дүрэм;
  10. Сугалаа зохион явуулах техник, эдийн засгийн үндэслэл, сугалаа зохион явуулахтай холбогдон гарах зардлыг санхүүжүүлэх эх үүсвэр, сугалааны орлогын урьдчилсан тооцоо;
  11. Сугалаа борлуулах зах зээлийн судалгаа;
  12. Сугалааны тоног төхөөрөмжийн техникийн үзүүлэлтүүд;
  13. Тараагдсан болон тараагдаагүй сугалааны тасалбарыг бүртгэх журам;
  14. Тараагдаагүй тасалбарыг хураан авах, хадгалах устгах журам;
  15. Тодорсон ялагч нь шаардаж аваагүй хонжворыг хадгалах журам, хонжвор олгох хугацаа дууссаны дараа тэдгээрийг хүлээлгэн өгөх журам;
  16. Хэрэв эд мөнгөний хонжворт сугалааг цахим хэлбэрээр явуулах бол төсөлд энэ талаар дэлгэрэнгүй, энгийн байдлаар ойлгомжтойгоор тайлбарлаж, операторуудтай хийсэн гэрээгээ хавсаргаж ирүүлнэ.

Дараачийн блогоор бид эд мөнгөний хонжворт сугалаа гаргах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг буюу хаанаас хэрхэн авах талаар нийтлэх болно.

Өв залгамжлалын тухай хуулийн зохицуулалт

Өв залгамжлал гэдэг нь хүнийн амьд сэрүүн байхдаа бий болгосон хөрөнгийг өөрийнхөө хүсэл зоригийн дагуу эсхүл хуульд заасан журмаар өвлөн авахыг ойлгодог.

Монгол улсын хуулийн дагуу өвлөх эрхийг дараах этгээдэд олгодог байна. Үүнд:

  • Нөхөр, эхнэр /гэрлэлтээ бүртгүүлсэн байх/, төрсөн ба үрчилсэн хүүхэд, түүнийг нас барсны дараа төрсөн хүүхэд, төрсөн ба үрчилсэн эцэг эх.
  • Дээрх хүмүүс байхгүй эсхүл өвлөхөөс татгалзсан бол өвөг эцэг, эмэг эх, ах, эгч, дүүс, ач, зээ
  • Эдгээр хүмүүс байхгүй эсхүл өвлөхөөс татгалзсан бол ачинцар, зээнцэр.

Дээр заасан хууль ёсны өвлөгч нь өвлүүлэгч буюу нас барсан этгээдтэй нэг хаягт оршин суудаггүй байсан бол тухайн өв хөрөнгийг хүлээн авах хүсэлтээ өвлүүлэгчийн нас барсан өдрөөс хойш 1 жилийн дотор нотариатчид гаргаж бүртгүүлнэ. Харин нэг хаягт оршин суудаг байсан бол тухайн хүсэлтийг гаргах шаардлагагүй юм. Хүсэлт гаргаагүй бол өв хүлээн авахаас татгалзсан гэж үздэгийг анхаарах нь зүйтэй. Түүнчлэн, өв хөрөнгийг хүлээн авахаас татгалзах хүсэлтээ өвлүүлэгчийг нас барсан өдрөөс хойг гурван сарын дотор нотариатчид гаргаж бүртгүүлнэ.

Хэд хэдэн өвлөгчид байгаа тохиолдолд холбогдох өв хөрөнгийг хуваарилах тухай хэлцлийг нотариатаар гэрчлүүлэх боломжтой. Харин эвийн журмаар харилцан тохиролцоогүй бол тухайн өвийн маргааныг шүүхээр хянан шийдвэрлүүлэх юм.

Ингэхдээ өвлөнө гэдэгт зөвхөн өв ба түүнтэй холбоотой эрхийг авч байгаа явдаг биш бөгөөд өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүрэг хариуцлагыг ч мөн адил тухайн өвлөн авсан эд хөрөнгөнд ноогдох хэмжээнд хүлээдэг болно.

Өвлөгч нь өвлүүлэгчийн оршин сууц байсан дүүрэг, аймгийн нотариатчид “ Өвлөх эрхийн гэрчилгээ олгох тухай хүсэлт”-ийг гаргах ба тус гэрчилгээг өвлүүлэгч нас барсан өдрөөс хойш 1 жил өнгөрсний дараа олгодог юм.

Нотариатын мэдэгдэх хуудасны ач холбогдол

Нотариатын мэдэгдэх хуудас гэдэг нь төлбөрийг нотолсон баримт бичгийг үндэслэн мөнгө, эд хөрөнгө гаргуулах болон үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс гаргуулахаар талуудын байгуулсан гэрээг гэрчлэхдээ үйлдэж буй нотариатын хууль зүйн хүчин чадал бүхий акт билээ.

Та нотариатын мэдэгдэх хуудастай бол шүүгч түүнийг үндэслэн захирамж гаргах бөгөөд ийнхүү  3 шатны шүүхийн шийдвэрлэх ажиллагаа явагдахгүй  тул хэрэг маргааныг түргэн шуурхай шийдвэрлэх боломжтой. Ингэхдээ шүүхээр маргаан шийдвэрлүүлэхэд төлдөг улсын тэмдэгтийн хураамж төлөх шаардлагагүй тул таны зардлыг ч гэсэн хэмнэж байгаа юм.Гэрээний аль нэг тал мэдэгдэх хуудаст заасан үүргээ сайн дураар биелүүлэгүй тохиолдолд шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудсыг гарсанаас хойш 7 хоногийн дотор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэх бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу албадан гүйцэтгүүлэх арга хэмжээ авагдана.

Харин энэхүү цаг мөнгө хэмнэсэн баримт бичгийн бичихэд дараах шаардлагыг тавьдаг байна:

  • Талуудын байгуулсан гэрээнд үүргийг “үл маргах журмаар” биелүүлэхээр заасан байх,
  • Гэрээ болон баримт бичиг нь нотариатаар гэрчлэгдсэн байх,
  • Нэхэмжлэл гаргах эрх үүссэнээс хойш 3 жилийн хугацаа өнгөрөөгүй байх,
  • Гэрээний дагуу төлөх төлбөрийг талууд хүлээн зөвшөөрсөн байх,
  • Тухайн гэрээтэй холбоотой асуудлаар шүүхийн шийдвэр гараагүй байх.

Гэрээ ба нотариатчийн үүрэг

Нотариатч гэрээний эрх зүйн харилцаанд оролцож буй этгээдэд эрх зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлдэг.

Нотариатч гэрээ, хэлцлийг гэрчлэхлээ түүний агуулга, гарах үр дагавар, үүргээ биелүүлээгүй нөхцөлд хүлээх хариуцлага зэргийг тайлбарлан өгах үүрэг хүлээсэн. Түүнчлэн нотариатч талууд тэгш эрхийн үндсэн дээр гэрээ, хэлцэл байгуулсан эсэх, бусдын дарамт, шахалт болон бусад хүчин зүйлсийн нөлөөлөлд автсан эсэх, агуулга нь үйлчлүүлэгчийн хүсэл зоригийг бүрэн илэрхийлж чадсан эсэх, үүсэх үр дагавар, үр дүнд бодитой хандаж чадсан эсэх зэрэг нөхцөл байдлыг тодруулан үзэж, эдгээр нь зөрчигдөөгүй тохиолдолд гэрээ, хэлцлийг гэрчилдэг болно.

Монгол улсын Иргэний хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу дараах гэрээ, хэлцлийг хуульд заавал нотариатаар гэрчлүүлнэ гэж заажээ:

  • Үл хөдлөх эд хөрөнгийг бусдад шилжүүлэх хэлцэл
  • Гэрлэгчдийн эд хөрөнгийн эрхтэй холбогдсон хэлцэл
  • Орон сууц дангаар өмчлөх эрх үүсгэх хэлцэл
  • Бэлэн байгаа эд хөрөнгийг бусдад шилжүүлэх, хязгаартайгаар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээ
  • Тодорхой хөрөнгө бэлэглэхээр амласан амлалт
  • Тэжээн тэтгэх гэрээ
  • Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах тухай гэрээ, хэлцэл
  • Мөнгө буюу үнэт цаасыг банкинд хадгалуулахаар хүлээн авах гэрээ.

Нотариатч нь хуульд заавал гэрчлэхээр заагаагүй боловч хуульд харшлаагүй гэрээ, хэлцлийг талуудын хүсэлтээр гэрчилж болно.